МАНгар шийдвэрийн золиос буюу мазохистуудын орон

Олон зуугаараа иргэд нь амиа алдчихаад байхад "наадна" гээд сууж байдаг үгүй мөн харгис төр өө. Өрх бүрээс орлого олдог хүн нь ажилгүй болж, хамаатан бүр нь халдвартай болчхоод, үр хүүхэд нь дэлхийгээс хоцорчхоод байхад МАНгар шийдвэр бүрийг хүлцэнгүй дагаж, доромжлуулж ханадаггүй мазохист ард түмэн ээ, бид.
Цар тахал дэлхий дахинд дэгдэж байхад буюу өнгөрсөн жил манайх шиг тайван улс байсангүй. Дотоодод халдвар илрээгүйгээс тэр. Нөгөө талаас манайх шиг сүржин улс ч байсангүй. Халдвар авсан хүнийг баривчлан саатуулах, халдвар дэгдвэл цэрэг цагдаа хөдөлгөх сургуулилалт сүржин гэгч нь хийж байв. Хилийн чанадад гацсан иргэдээ татах гэж ёстой л шар махтай нь хатааж, ирсэн хойно нь өндөр үнэтэйгээр зочид буудалд хорьж, тусгаарлан, хамар амыг нь удаа дараа ухаж төнхөн 19-21 дэх хоног дээр нь айхтар муу вирусийг илрүүлчихдэг байж билээ.
Дотооддоо халдвар алдаагүй байх үедээ л дэлхийд байхгүй хязгаарлалт хорио тавьж, хувийн хэвшлийнхнийг элгээр нь мөлхүүлсэн эрх баригчид алдаанаасаа суралцалгүй явсаар дотоодын дэгдэлттэй нүүр тулав. Өнөөх өнгөрсөн жил хийсэн сургуулилалтынх нь "хэрэг гарч", анхны халдварын тохиолдлуудын ар гэрийн холбоо сүлбээ, амрагийн явдлыг ч нийтэд дэлгэж, ард түмнийхээ дунд халдвар тээгчийг үзэн ядуулах давалгаа өрнүүлэв. Ар араас нь гаргасан "МАНгар" шийдвэрүүдийг хүмүүс нэг бүрчлэн санаж байгаа биз.
Энэ сар гараад л халдвар тоймоо алдав. Олон улсын анхаарлыг татаж байсан Энэтхэгээс ч байдал дордов. Зургадугаар сарын 13-ны байдлаар гэхэд л Монгол Улс "хоногт шинээр бүртгэгдсэн тохиолдлынхоо тоогоорх ТОП орнууд"-ын жагсаалтад багтаж байлаа. Үүнээс өмнө "дархлаажуулалтаар тэргүүлж буй орнууд"-ын тоонд орж, мандаж явсан сан. Атал хоногт хамгийн их тохиолдол бүртгэгдсэн 10 орны тоонд, 30-270 сая хүн амтай улсыг ардаа орхиод гуравт заларчихсан нь гунигтай.
Бүрлээчийнхээ хоногийг хураатал баярлаж цэнгэдэггүй ард түмэн
"Цахим наадам" гэсэн сүрхий нэрийг эрх баригчид бодож олоод хоёр жилийн нүүрийг үзэв. Цахим гэхээр хиймэл оюун ухаан уралдаж, роботууд барилдаж, холограммаар бүтээсэн уран бүтээлчид дуулж бүжнэ гэсэн үг биш л дээ. Уран бүтээлчдийг, телевизийнхэнтэй хамт нэг хашаанд өдөржин ажиллуулж, зураг аваад, өнөөхөө эвлүүлж, найруулж, зурагтаар цацахыг "цахим наадам" гээд байгаа бололтой юм. Бусад жилүүдийн наадмын баярын концертоос ялгаатай нь хэн нэгэн эзний эзэмшлийн хашаанд зураг авдгаараа онцлог. Өнгөрсөн жилийн мэдээллээр, наадмын тоглолтод 2000 орчим уран бүтээлч ажилласан юм гэнэ лээ, бас л "цахим" наадахад шүү дээ. Энэ жил ч мөн мянга мянгаар нь цуглуулж, бөөгнөрүүлээд "тахлын үеийн наадам" хийх нь.
Цар тахал дэгдсэнээс хойш Монголд 500 орчим хүн амиа алдлаа. Аавыгаа, ээжийгээ, үрээ алдсан хүмүүсийн нулимс хатаагүй байхад, ажилгүй орлогогүй болж, вирусийн эм авах мөнгөгүй болсноосоо болж хайртай хүнээ нэг мөр үдчихсэн иргэд бүрлээчийнхээ хоногийг хурааж дуусаагүй байтал баярлаж, цэнгэж дуулж хуурдах нь.
Иргэнийхээ араас гашууддаг төрт улсууд
Казахстан 18,5 сая хүн амтай. Цар тахал дэгдсэнээр 2020 оны долдугаар сар гэхэд халдварын улмаас 264 хүн энэ улсад нас баржээ. Ингээд 2020 оны 7-р сарын 13-ны өдрийг Үндэсний гашуудлын өдөр болгон зарлав.
Манайхтай ойролцоо хүн амтай Мадрид хот 2020 оны гуравдугаар сарын 29-ний өдрийг коронавирусийн халдварын улмаас амиа алдсан хүмүүсийг дурсах гашуудлын өдөр болгон зарлаж байв. Онцгой захирамж гарах хүртэл төрийн далбааг бөхийлгөж, өдөр бүр үд дунд нэг минут дуугаа хурааж байлаа.
2020 оны тавдугаар сарын 21. Энэ өдөр америкчууд цар тахлын үеэр амиа алдсан хүмүүсийг дурсах гашуудлын өдөр болж байв. Бүтэн 24 цагийн туршид талийгаачдын нэр, нас, амьдарч байсан газруудыг уншиж, цахим арга хэмжээ зохион байгуулж байлаа.
Киргиз 6,4 сая хүн амтай. 2020 оны долдугаар сар гэхэд коронавирусийн халдварын улмаас энэ улсад 986 хүн амиа алджээ. 2020 оны долдугаар сарын 30-ны өдөр киргизүүд орон даяар талийгаачдынхаа араас эмгэнэв.
Олон зуугаараа иргэд нь амиа алдчихаад байхад "наадна" гээд сууж байдаг үгүй мөн харгис төр өө. Өрх бүрээс орлого олдог хүн нь ажилгүй болж, хамаатан бүр нь халдвартай болчхоод, үр хүүхэд нь дэлхийгээс хоцорчхоод байхад МАНгар шийдвэр бүрийг хүлцэнгүй дагаж, доромжлуулж ханадаггүй мазохист ард түмэн ээ, бид.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ