Дархлаажуулалтын олон улсын туршлага: Тариул эсвэл хоригд

Цар тахал намжаагүй энэ нөхцөлд дэлхийн бараг бүх орны эрүүл мэндийн салбарын нэн тэргүүлэх зорилтуудын нэг нь коронавирусээс сэргийлэх дархлаажуулалтын ажил болоод байна. Гэхдээ зарим оронд иргэд дархлаажуулалтад хамрагдах идэвх султай байгаа тул дэмжлэг, шагнал, урамшуулал амлаж байсан бол зарим оронд хатуу шийтгэлээр айлгаж байгаа юм.
Израиль: Вакцин тариулаагүй бол гэрээсээ битгий гар
Хүн амынхаа 75 хувийг вакцинд хамруулсан Израиль улс “вакцин эсэргүүцэгчид”-ийг хатуу хөл хорионд барьсан хэвээр, энгийн амьдралаар амьдрах боломж бараг л өгөхгүй байгаа юм. Шалтгаангүйгээр вакцин тариулаагүй хүмүүсийг гэрээсээ 500 метр зайд холдох, ойролцоох хүнсний дэлгүүрээс өөр дэлгүүрээр үйлчлүүлэхийг хоригложээ.
“Вакцинд хамрагдаагүй хүмүүс тодорхой үйл ажиллагаа эрхлэх ч боломжгүй” гэж тус улсын Эрүүл мэндийн сайд ил цагаан мэдэгдсэн юм.
Филиппин: Өөрөө хүсэхгүй бол шоронд хорьж байгаад тарина
Өнөө цагийн хамгийн ширүүн, дуулиантай мэдэгдэл хийдэг “танхай” гэмээр удирдагчдын нэг бол Филиппиний Ерөнхийлөгч Родриге Дутерте.
“Вакцин тариулмааргүй байгаа бол шоронд хориод вакцин хийнэ шүү” гэж тэрбээр мэдэгдсэн юм.
Энэ мэдэгдлийг зүгээр нэг сүржин үгс гээд хайхрахгүй өнгөрч боломгүй. Тэрбээр Давао хотын дарга байхдаа хар тамхины наймаанд сэжиглэгдсэн хүмүүсийг өөрийн гараар буудан хөнөөж байснаа сайрхан ярьж байсан удаатай.
“Вакцин хийлгэх хүсэлгүй байгаа хүмүүст би гахайнд зориулсан ивермектин вакцин хийнэ. Энэ тариа вирусийг та нартай хамт устгачихна” хэмээн Дутерте мэдэгджээ.
Түүнчлэн тэрбээр орон нутгийн захиргааныхнаас вакцин хийлгэхээс татгалзсан хүмүүсийн нэрсийг өгөхийг шаардсан гэнэ.
Бурирам: Тариул эсвэл хоригд
Таиландын хэсэг болох Бурирам мужид вакцин тариулахаас зайлсхийсэн хүмүүст арай хөнгөн шийтгэл ноогдуулах нь, Филиппинтэй харьцуулахад.
Мужийн захирагчийн зарлигаар вакцинаас татгалзахыг эрүүгийн хэрэг гэж үзэх болсон бөгөөд хоёр хүртэлх жилийн хорих ял оноож, 1800 долларын торгууль ноогдуулах аж.
Гэхдээ мэдээж хүн бүрийг биш, харин “халдварын онцгой аюултай” хүмүүст ийм арга хэмжээ авах юм байна. Иргэд эрсдлийн бүлэгт багтаж байгаа эсэхээ мэдэхийн тулд тусгай анкет бөглөн өгчээ.
Энэтхэг: Тариулахгүй бол утасгүй бай
Энэтхэгийн Пенжаб мужид дархлаажуулалт төлөвлөснөөс бага үзүүлэлттэй байгаа тул зургадугаар сарын 12-ноос эхлэн вакцин тариулахаас татгалзсан хүмүүсийн сим-картыг блоклож эхэлжээ.
Ингээд вакцинаас үндэслэлгүй татгалзсан хүмүүс утсаар ч ярьж чадахгүй, гар утаснаасаа интернет орох ч боломжгүй болж байгаа гэнэ.
Итали: Вакцингүй бол ажиллах хэрэггүй
Италид вакцин тариулаагүй бол одоо цагт нэн чухал эрүүл мэндийн салбарын ажилтан байлаа ч ажлаа алдчихаж мэднэ. Гэхдээ одоогоор ажлаас нь шууд халахгүй, гэхдээ “аюултай” эмч нарыг өвчтөнүүдтэй шууд харилцахгүй ажилд шилжүүлэх эсвэл цалингүйгээр тодорхой хугацаанд ажлаас нь чөлөөлж байгаа гэнэ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ