Хүүхдүүд идэвхтэй, эмч нар завгүй байна

img
Гэрэл зургийг  MPA.mn 

 

Өчигдрөөс буюу зургадугаар сарын 28-наас эхлэн 12-15 насны хүүхдүүдийг эхлэн сайн дурын үндсэн дээр Файзер вакцинаар дархлаажуулах шийдвэрийг Засгийн газраас гаргасан. Ингэхдээ эцэг, эх асран хамгаалагчийг нь байлцуулж, зөвшөөрлийн хуудас бөглүүлж, вакцинжуулалтад хамруулж байгаа юм. Иймд дээр дурдсан насны хүүхдүүд вакциндаа идэвхтэй хамрагдаж байгаа эсэх, дархлаажуулалтын цэгүүдийн зохион байгуулалт, ачаалал хэр байгаа талаар сурвалжлахаар Чингэлтэй дүүргийн Аврагч спортын хороон дахь дархлаажуулалтын цэгийг зорилоо.

 

Сүүлийн өдрүүдэд өдөрт бүртгэгдэх халдварын тохиолдол нэмэгдэж, нөхцөл байдал хүндэрч байна. Халдварыг бууруулах, нийгмийн дунд дархлаа тогтоохоор Засгийн газраас дөрөв, тавдугаар сарыг дархлаажуулалтын сар болгон үндэсний хэмжээнд зарл асан. Гэвч зургадугаар сар гарсаар халдварын тархалт эрчээ авч нэмэгдсээр л байгаа. Тэр дундаа коронавирусийн халдвараар өвчилсөн дөрвөн хүн тутмын нэг нь хүүхэд аж.

 

Нар төөнөнө. Модны сүүдэр, хашааны булан бараадаж нарнаас нуугдаж сүүдэрт хорогдох гэсэн иргэд нааш цааш холхино. Чухам нохой гаслам халуун энэ өдөр  хүүхдүүдээ дархлаажуулалтанд хамруулах гэсэн иргэд энд цуглаж, уртаас урт дараалал үүссэн байлаа. Бидний очсон үе эмч нарын цайны цагтай давхцав. Дархлаажуулалтын цэгүүдийн цайны цаг өдрийн 13.00-14.00 цагийн хооронд аж. Ингээд бид цайны завсарлагааны цаг дуусахын хүлээнгээ иргэдийн сэтгэгдлийг сонслоо.

 

 

Чингэлтэй дүүргийн иргэн Ш.Одонсүрэн:

 

-Манайх вакцинжуулалтын насны нэг хүүхэдтэй. Есдүгээр ангид суралцдаг. Коронавирус халдвараас урьдчилан сэргийлэхийн тулд вакцинжуулалтад хамруулж байна. Манай улсад коронавирусийн тархалт  нэмэгдсээр байна. Удахгүй намар боллоо. Сурагчид танхимаар хичээллэж эхэлнэ. Дархлаажуулалтад хамрагдвал, өөрийнхөө болоод бусдын амь нас эрүүл мэндэд анхаарч байгаа хэрэг. Тиймээс эцэг эхчүүд та бүхнийг  хүүхдүүдээ вакцинжуулалтанд хамруулахыг уриалж байна.

 

 

Чингэлтэй дүүргийн иргэн Д.Төмөрчөдөр:

 

-Манай хүүхэд 12 настай. Коронавирусийн эсрэг сүргийн дархлаа тогтоохын тулд нэг ч гэсэн өдрийн өмнө дархлаажуулалтандаа хамрагдаж байвал бидэнд хэрэгтэй. Нийгэмд сүргийн дархлаа тогтвол сургууль цэцэрлэг хэвийн хичээллэж эхэлнэ.

 

 

Чингэлтэй дүүргийн иргэн Ч.Төрмандах:

 

-Манайх гурван хүүхэдтэй. Нэг хүүхэд маань л вакцинжуулалтад хамрагдах нас нь болсон. Тиймээс өнөөдөр нэг хүүхдээ дархлаажуулалтанд хамруулж байна. Коронавирус цар тахлыг даван туулахын тулд вакциндаа хамрагдах хэрэгтэй.

 

 

Танхимаар хичээл орохгүй болохоор уйтгартай байна

 

Олонлог сургуулийн сурагч Т.Бат-Өлзий:

 

-Хэрэв бид вакцинаа хийлгэхгүй бол коронавирусийн халдварт өртөнө. Тиймээс вакцинаа хийлгэх хэрэгтэй. Коронавирус халдварын улмаас танхимаар хичээл орохгүй болохоор уйтгартай байгаа. Өдөржин утсаа бариад сууж байна. Вакцинжуулалтандаа бүгд  хамрагдаад намраас ангидаа хичээллэвэл, ангийнхан, найзуудтайгаа уулзаад гоё байна.

 

 

Чингэлтэй дүүргийн иргэн Ч.Батхүү:

 

-Хэцүү цаг үе болж байна. Коронавирус маш аюултай өвчин гэдгийг хүн бүр мэддэг боллоо. Тиймээс хүүхдээ заавал вакцинжуулалтад хамруулах ёстой. Манай охин тамирчин. Олон улсын тэмцээн уралдаанд явахаар вакцинжуулалтад хамрагдсан гэсэн бичиг баримт шаардах юм. Вакцины талаар сайн, муу олон яриа нийтийн дунд гарч байна. Гэхдээ вакцин бол цар тахлаас урьдчилан сэргийлэх чухал зүйл. Үр хүүхэд бол бидний ирээдүй хойч үе. Тиймээс вакцинд  хүүхдээ хамруулах хэрэгтэй. Би өөрөө ч вакцины бүрэн тундаа хамрагдсан.

 

Чингэлтэй дүүргийн иргэн Д.Чулуунчимэг:

 

-Манайх гурван хүүхэдтэй. Хамгийн бага хүүхэд маань 14 настай.  Вакцинд хамруулахын тулд эцэг эхийн зөвшөөрөл хэрэгтэй. Тиймээс хүүхдээ дагуулаад ирлээ. Халдвар ихтэй энэ үед вакцинаа хийлгэж л хамгаалахгүй бол болохгүй байна.

 

Чингэлтэй дүүргийн иргэн  Ж.Энхцэцэг:

 

-Манайх гурван  хүүхэдтэй. Дэлхий нийтээр вакцинд хамрагдаж байгаа. Гадуур өвчлөл нэмэгдэж байгаа энэ үед вакциндаа хамрагдахыг уриалж байна. Хүүхдүүдээ вакцинд хамруулж байж, намар танхимаар хичээллэх боломжтой болно. Халдварт өвчнийг даван туулах арга зам нь вакцин болж байна. Хүүхдийн өвчлөл их байгаа. Тиймээс эцэг эхчүүд та бүхнийг хүүхдүүдээ вакцинд хамруулаарай гэж уриалж байна.

 

Бүртийх ч үүлгүй байсан тэнгэр бүрхэв. Юу юугүй бороошив.Дархлаажуулалтын цэгт ажиллаж буй эмч ажилчдын цайны цаг дуусахад 10 минутын хугацаа үлджээ. Хаалга онгойлоо. Цэнхэр халаадтай эмч гарч ирсээр биднийг орууллаа. Спорт заалны сандал дээр гадаа байсан бүх л хүмүүсийг оруулж суулгав. “Бороо орж байна. Хүмүүсээ оруулаарай” гэж эмч нар нааш цааш алхана.  Ингээд тэд дархлаажуулах ажилдаа орлоо.

 

Уг нь хэсэг хэсгээр нь оруулж дархлаажуулдаг ч түр зуурын аадар бороонд эцэг эх, хүүхдүүдийг норгохгүй гэсэндээ бүгдийг нь зааланд оруулжээ. Эмч нар эцэг эхчүүдээс нь дархлаажуулах зөвшөөрлийг авч дархлаажуулна. Иргэдийг зохицуулж буй өнөөх цэнхэр халаадтай эмчээс яриа авч болох эсэхийг асуухад “ачаалалтай, завгүй байна. Яриа өгөх боломжгүй” хэмээн цааш ажилдаа оров. Дархлаажуулалтанд хүүхдээ хамруулах гэсэн иргэд зааланд дүүрч, эмч нар тус тусын үүргээ гүйцэтгэн завгүй ажиллаж байна.

 

 

Г.Мичид

СЭТГЭГДЭЛ БИЧИХ