Өвөрхангайн Засаг даргаас үлгэр ав, муйхарлагчид аа

Хэд хоногийн өмнө Засгийн газраас Үндэсний баяр наадмыг зөвхөн Улаанбаатар хотод үзэгчгүй зохион байгуулна. Харин аймаг, сумдад наадам хийхгүй гэсэн шийдвэрийг гаргав. Үүний дараа буюу өнгөрсөн долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаас халдварын нөхцөл байдалд үнэлгээ хийж байгаад долдугаар сарын 20-ноос аймаг, сумдын наадмыг хийж магадгүй гэж өмнөх шийдвэрээ үгүйсгэв. Засгийн газрын энэ хоёрын дунд алцагнасан шийдвэрийг Өвөрхангай аймгийн Засаг дарга А.Ишдорж тун овжин ашиглаж, өөрийн карьертаа нэмэх оноо авч чадлаа.
Өвөрхангай аймгийн Засаг дарга бөгөөд Онцгой комиссын дарга А.Ишдорж “АЙМАГ НААДАМ ТЭМДЭГЛЭХГҮЙ, ТӨСӨВЛӨСӨН ЗАРДЛАА КОВИДЫН ЭСРЭГ ЗАРЦУУЛНА” гээд зарлачихлаа. Ингэхдээ баяр наадамд зориулан төсөвлөсөн хөрөнгөө эрүүл мэндийн салбарын ажилчдыг урамшуулах, урам зоргийг нь нэмэгдүүлэх, эрүүл мэндийн салбарт нэн шаардлагатай тоног төхөөрөмж, дутагдалтай байгаа эм, эмнэлгийн хэрэгслийг авахад зарцуулна гэдгээ ард иргэддээ мэдэгджээ. Тэр цаг үеийн нөхцөл байдлыг мэдэрсэн, иргэдийнхээ эрүүл мэндийг эрсдэлд оруулахаас сэргийлсэн тун мэдрэмжтэй шийдвэр гаргасан анхны Засаг дарга боллоо.
Уг нь энэ жил Өвөрхангай аймаг үүсэн байгуулагдсаны түүхт 90 жилийн ой тохиож байгаа аж. Тэгш ойгоо аймаг даяараа тэмдэглэх ёстой гэж зүтгэж болох л байж. Гэвч А.Ишдорж тэгсэнгүй. Эрүүл явбал ирэх жилийн наадмыг, түүхт 91 жилийнхээ ойг тэмдэглэхэд оройтохгүй хэмээн үзжээ.
Манай төр, засгийнхан ичих л хэрэгтэй болох нь. Нэг аймгийн Засаг дарга ийм мэдрэмжтэй шийдвэр гаргаж, иргэдээ эрсдлээс хамгаалаад зогсохгүй, хүнд хэцүү цагт хөрөнгө мөнгийг юунд зарцуулахыг хэнээр ч хэлүүлэхгүй шийдвэрлэчихлээ. Гэтэл УИХ-ын гишүүдээсээ эхлээд Засгийн газар Ардын хувьсгалын 100 жилийн тэгш ойг тэмдэглэх ёстой, энэ баяр наадмыг хийхгүй бол Монголын түүх баларч алга болох тухай ярьж балайрч байгаа. Хүй долоон худагт хэдэн мянган хүнийг бөөгнөрүүлж, наадмын бэлтгэл, бичлэгээ хийхээр зэхэж байна. Коронавирусийн халдвараар 533 хүн амь насаа алдаж, эмнэлгийн орон дээр хэдэн мянган хүн тарчилж, эмч ажилчид нь туйлдаж, эмнэлгийн ор нь хүрэлцэхгүй байхад л өөрсдөдөө зориулж баяр наадам хийхээр бэлтгэлээ хангаж буй.
Иргэд хичнээн эсэргүүцсэн ч баяр наадмыг цахимаар хийх шийдвэрээсээ өнөөдрийг хүртэл буцсангүй. Бодвол шинэ Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд зориулсан ялалтын баяр юм байлгүй, иргэдэд лав баярлаж цэнгэх сэтгэлийн тэнхээ алга. Нэг хэсэг нь халдвараар гэр бүлийнхнээ алдаж, салах ёс ч хийж чадахгүй явуулсандаа харамсаж, нөгөө хэсэг нь эмнэлгийн орон дээр амьсгалаа тоолж, харин үлдсэн нь хэзээ хаанаас халдвар авчих бол гэсэн айдастай өдөр сарыг өнгөрөөж байна. Дээдсийн наадмын бичлэгийг зурагтаар үзээд иргэдийн сэтгэл санаа сэргэнэ гэж бодож буй бол эндүүрэх хэрэггүй дээ. Айдаст автсан, өвдөж зовсон хүмүүсийн бие, сэтгэлийг өчнөөн эсэргүүцэлтэй тулгарсан ийм баяр наадмаар сэргээхгүй. Харин ч иргэдийг амь нас, эрүүл мэндийн асуудлыг хойш тавин байж наадамласан эрх мэдэлтнүүдэд уурлах, үзэн ядах сэдлийг улам өдөөх биз.
Нэг аймгийн Засаг дарга мэдрэмж гаргаад наадмаа хойшлуулж, хөрөнгө санхүүгээр нь эмч нараа урамшуулж, хэрэгтэй тоног төхөөрөмжөө авах гэнэ. Гэтэл нийслэл нь баяр наадмаасаа буцахгүй гэж төрийнхөн муйхарласаар байна. Халдварын төв голомт болсон нийслэл хамгийн түрүүнд баяр наадмаас татгалзмаар. Харамсалтай нь иргэдийн амь нас, эрүүл мэнд хайран биш баяр наадам чухал аж.
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ