Зөв амьдарсан уу, хохь чинь ээ

Хуульзүй, дотоод хэргийн яам боловсруулж, УИХ-аар хэлэлцэж буй Өршөөлийн хуулиар 3.3 сая удаагийн 73 тэрбум төгрөгийн торгуулийг тэглэхээр болж байна.
Хариуцлагагүй, хууль дүрэм биелүүлдэггүй иргэн байсны шагнал юм уу даа. Манай төр замын хөдөлгөөний дүрмийг сайн зөрчсөн, согтуу үедээ жолоо барьсан чинь зөв, хүний эрүүл мэнд, амь насанд гэмтэл хохирол учруулсан чинь туйлын зөв гэж иргэдээ урамшуулахаар, хуулийн төсөл хэлэлцэж байгаа нь энэ. Олон удаагийн давтан үйлдэлтэй, их хэмжээний торгуультай “сайн” иргэд бол гуяа алгадаж буй нь мэдээж. Их хэмжээний өрнөөс салж байгаа болохоор.
Харин эсрэг талд нь нэг удаа цагаан шугам давж зогссон, жолооны ард утсаар ярьж байгаад цагдаад баригдсан, буруу эгнээ байр эзэлсэн зэрэг зөрчлийн бага сага торгуулиа аль хэдийнэ төлчихсөн иргэд бий. Эсвэл замын хөдөлгөөний дүрмийг ягштал баримталдаг, торгуультай нэгнээс “машин яаж бариад байгаа юм бэ” гэж асуух хэмжээний супер нөхөд ч бий. Тэд бол хариуцлагатай, дүрэм журам баримтлагчид. Гэхдээ тэдэнд ял үгүй шигээ шагнал бас үгүй. Яагаад гэж үү, Монгол Улсад зөв амьдарвал залилуулж, хууртагдаж, ашиглуулдаг учраас тэр.
Энэ өршөөлийн хуульд мөн сэргээш хэрэглэсэн бөхчүүдийг хамруулж, цагаатгах гэнэ лээ. Спортод хориотой бүтээгдэхүүн хэрэглэж, өөрийгөө, өрсөлдөгчдөө, бөхөд хайртай ард түмнийг, төрийг хуурсан учраас чи сайн бөх гэж өршөөнө. Хэдэн арван жил хөдөлмөрлөж, хөлсөө дуслуулан бэлтгэл хийсэн өөр нэгэн энд хохирно гэсэн үг.
Дахиад л өнгөрсөнийг нуршъя. Холоос яахав, ахмадуудын тэтгэврийн зээлийг тэглэснээс эхэлье. Манай ээж зээлгүй, баян цатгаландаа бус, төрөөс өгдөг 350 мянган төгрөгөө зохицуулан амьдардаг учраас. Зээлгүй байсныхаа төлөө ээж хохирсон, зургаан сая төгрөг аваад юунд ч хамаагүй үрээд хаячихдаг байж гэж би өмнөөс нь харамсаж байлаа. Нээрээ дараа нь манай төр нэг сая төгрөг өгч гийгүүлсэн.
Дараа нь зээлийн хар жагсаалтыг цагаатгав. Хоногийн хоолоо хойш нь тавин байж зээлээ хугацаанд нь төлж байсан иргэн, аж ахуйн нэгжүүд мөн л энэ төрд залилуулсан. Харин мөнгөтэй байсан ч зээлээ төлдөггүй, ууж идэж, өмсөж зүүхээ урд нь тавьдаг хүмүүс хожсон. Санхүүгийн хариуцлагагүй, хэнэггүй иргэн байсныхаа шагналыг тэд төрөөс авсан.
Харин одоо Өршөөлийн хууль. Олон жилийн ялтай хүмүүсээс хоёр жил хасч, янз бүрийн шалтггаанаар санаатай, санамсаргүй байдлаар ялтан болсон хэсэг бүлэг хүмүүс суллагдана. Төрийн хийх л ёстой зохицуулалт.
Гэхдээ яагаад дандаа төрийн зохицуулалт бүрийн ард зөв амьдарсан, хариуцлагатай иргэд хохирч, залилуулсан, хууртагдсан мэт мэдрэмжтэй үлддэг юм бэ. Яагаад хууль дүрмийг биелүүлдэггүй, хариуцлагагүй, сахилга батгүй хүмүүс хожиж байдаг юм бэ. Яагаад тэдний хууль бус үйлдэл бүрийг төр өөгшүүлдэг юм бэ. Цаашид ч үргэлжлүүлэн хуулийг уландаа бүр сайн дэвсэл гээд шагнаж урамшуулсаар байх юм уу.
Энэ улсад чинь эрх тэгш, хариуцлагатай, шударгаар амьдрах арга үнэндээ алга. Хариуцлагагүй, хайнга хэсэг бүлгийн сүүдэрт дарагдаж, тэдний ард хохирч амьдрахаас үнэхээр залхаж байна. Нээрээ зөв явахаар зөөлөн зөөлөн замбуулин биш юм байна лээ шүү. Харин зөв явбал залилуулж, хууртагдаж, хохирдог л хорвоо.
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ