Иргэдээсээ харамласан PCR-г наадмын цэгт төвлөрүүлсэн үү

img

 

Нэг л тогтворгүй босож, сууна. Ажилдаа төвлөрөхгүй санаа зовнисон байдалтай харагдав. Учрыг нь асуувал хамт ажилладаг эгчийн биед эрүүл мэндийн яамны мэдээллээр өдөр бүр сануулдаг өнөөх шинж тэмдэг илэрч байх юм гэнэ. Айх мэдрэмж. Түргэвчилсэн шинжилгээ бушуу түргэн өгөхийг санал болгов. Удалгүй утас дуугарав. Түүний түргэвчилсэн шинжилгээний хариу “ЭЕРЭГ” гарчээ. Ингээд хамт ажилладаг бидний хэдэн нөхөд ойрын хавьтал болов. “Сэжгээр өвдөж сүжгээр эдгэнэ” гэдэг шиг сэтгэл санаа тогтворгүй айдас төрнө. Хамгийн түрүүнд гэр бүлийнхэн санаанд орно. Халуурч, толгой, хоолой өвдөөд ч байх шиг. Гэхдээ PCR шинжилгээний хариу бус түргэвчилсэн шинжилгээний хариу шүү дээ. PCR шинжилгээгээр хариу өөрчлөгдөж, сөрөг гарч болно гэдэг бодол л эргэлдэнэ. Арга ядсан, айсан хүний бодол л байх.

 

Ингээд ойрын хавьтал болсон бидний хэдэн нөхөд зөвлөмжийн дагуу шинжилгээ өгөхөөр өрхийн эрүүл мэндийн төв, дүүргийн шуурхай штаб зэрэг мэргэжлийн байгууллагууд руу утас цохив. Гэвч шаардлагатай үйлчилгээгээ авч чадсангүй.

 

Тодруулбал, халдвараар өвчилсөн хүний ойрын хавьтал болсон тохиолдолд зургаан хоногийн дараа PCR шинжилгээ өгөхийг Эрүүл мэндийн яамнаас зөвлөж байгаа аж. Учир нь халдвар нууц үетэй бөгөөд хариу буруу гарах магадлалтай гэнэ. Гэхдээ зургаан хоногийн дараа ч PCR шинжилгээ бус түргэвчилсэн шинжилгээ авах аж. Ойрын хавьтал болсон иргэдээс юуны учир PCR шинжилгээ авахыг зогсоов.

 

Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар Үндэсний их баяр наадмыг үзэгчгүйгээр Хүй долоон худагт цахимаар зохион байгуулахаар шийдвэрлэсэн. Ингэхдээ 1024 бөх барилдах гэнэ. Улсын баяр наадамд зодоглох бөхчүүд Монгол Бөхийн өргөөнд PCR шинжилгээ өгч, даатгалд хамрагдаад, нэг өдөр нэгдсэн унаагаар Хүй долоон худаг руу тээвэрлэх гэнэ. Бодож үзвэл 1024 бөх, наадам зохион байгуулагчид, урлаг соёлынхон, улс төрийнхөн, уяачид, унаач хүүхэд гээд л наадам оролцож буй бүх л хүнээс PCR шинжилгээ авна. Ингээд бодохоор наадмын талбайд ажиллах эмч, эмнэлгийн ажилчид, PCR шинжилгээний цэг гээд л их л зүйлс шаардлагатай. Иргэдээсээ авах PCR шинжилгээгээ Ардын хувьсгалын 100 жилийн ойн баяраа тэмдэглэхийн тулд ачаалал ихтэй гэж нөөцөлж, наадамдаа бэлдэж байж ч мэдэх юм.

 

Түргэвчилсэн шинжилгээнд итгэж болно гэж үү. Түргэвчилсэн шинжилгээний хариу “ЭЕРЭГ” гарсан тохиолдолд PCR шинжилгээ хийх учиртай. Гэтэл түргэвчилсэн шинжилгээний хариугаар халдвар авсан гэж тооцож болно гэж үү. Цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалж, эдийн засаг хямарч, иргэд өнөө маргаашийн хоолоо арай ядан залгуулж байна. Гэтэл Засгийн газраас Улсын баяр наадмыг өндөр өртгөөр тэмдэглэхээр төсөвлөсөн. Наадмын төсөвтөө анхаарч, эрүүл мэндийн салбарын төсөв, шинжилгээний цэгээ нэмэгдүүлэх, PCR  шинжилгээ авахаа хумиад ч байж мэдэх юм.

 

Энүүхэндээ  гэж хэлэхэд, Ардын хувьсгалын 100 жилийн ойдоо зориулаад сайхан дүрс бичлэг л хийж, нийтэд цацахад л болохгүй гэж үү. Энэ жилийн наадмыг ингэж өнжөөд,  ирэх жилийн наадмыг цар тахлыг даван туулсан давхар баяр болгож, нижгэр тэмдэглэсэн бол зүгээрсэн. Уг нь ингэж шийдсэн бол шинжилгээний цэгүүдийг нэмэгдүүлж, түргэвчилсэн шинжилгээнд итгэлгүй ойрын хавьтал болсон иргэдээс PCR шинжилгээ авах  боломжтойсон. Гэхдээ нэгэнт шийдвэр гарсан.  Цахим наадам болно.

 

 

Харин Наадамдаа анхаарч байгаа шигээ нийтээрээ ойрын хавьтал болсон байхад шинжилгээний цэгүүд, эмч, эмнэлгийн ажилчид, халдварт өртөж айдас автсан иргэддээ анхаармаар байна, Эрх баригчдаа 

 

ГМичид

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

PCR:
PCR шинжилгээ нь гол компонентын анализ дээр суурилсан оношилгоо учраас 100 хувийн магадлал байхгүй. Тухайн хүний онцлогоос хамаарч 50-60 хувийн магадлалтай тогтоогддог шинжилгээний аргачлал юм.
2021-07-02
лоөэөш:
АймгуудпдАМЖИН ӨНГӨРҮҮЛЭХГҮЙ АРД ИРГЭДИЙГ ХОХИРООЖ БНА
2021-07-01