Н.Алтанхуяг: Ө.Энхтүвшин сайдыг хоёр гараа өргөн дэмжиж байна

АБГББХ-ны өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсаас гадаадын 24 улсад суух Элчин сайд нарын томилгоог хэлэлцлээ. Элчин сайд нарын томилгооны талаар УИХ-ын гишүүн Д.Ганбат:
-Яагаад АН-ын бүлгээр оруулсангүй вэ. Энхтүвшин дарга бол болж байна. Хийн хоолой зэрэг ажлыг идэвхийлэн хөөцөлдөх чадвартай хүн гэж харж байна. Манай Болд гишүүн бас болж байна. Манайд гуравдагч хөршийн бодлого гэж байгаа. Гэтэл АНУ-д ямар хүнийг томилоод байна вэ, та нар. Ингэж болохгүй шүү. Ямар Элчин сайд томилж байгаа намтар түүхийг нь харна шдээ. Энэ хүмүүс дотор хар тамхины хэрэгт орооцолдож байсан хүмүүс байгаа гэнэ. Ямар хүмүүс байна вэ?
ЕТГ-ын дарга Я.Содбаатар: АН-ын бүлгээр оруулах асуудал бол УИХ-ын бүрэн эрхийн асуудал. Зарим оронд 1-1.3 жил Элчин сайдгүй явж ирлээ. Монгол төрийн ажил тасралтгүй явах ёстой. Тиймээс хаврын чуулганд багтаж, Элчин сайдуудыг яаралтай өргөн мэдүүлж байна. Бид АНУ-д суух Элчин сайдаар Ө.Батбаярыг нэр дэвшүүлж байна. Ерөнхий сайдын гадаад бодлогын зөвлөхөөр ажиллаж байгаа. Энэ чиглэлийн сургууль төгссөн, мэргэжлийн хүн. АНУ-тай батлан хамгаалах, эдийн засаг, худалдаа, иргэд хоорондын болон соёлын салбарт хамтран ажиллаж, харилцаа илүү өндөр түвшинд гарч байгаа. Тиймээс энэ чиглэлээр мэргэшсэн, олон улсын байгууллагад ажиллаж байсан хүнийг нэр дэвшүүлж байна.
Хар тамхитай холбоотой хүмүүсийг энэ удаа өргөн мэдүүлээгүй.
УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг: Монгол Улсын нэр нүүрийг олон улсад харуулах чухал томилгоо. ГХЯ-нд олон жил ажилласан хүмүүсийг дэмжиж байна. Ө.Энхтүвшин сайдыг ОХУ руу явж байгаад хоёр гараа өргөөд дэмжиж байна. ОХУ, БНХАУ-д анхаарал тавих ёстой. Тулхтай, туршлагатай, Монголоо гэсэн бодолтой улстөрч хүн явж байгааг зөв зүйтэй гэж бодож байна. Харин энэ АНУ-руу явах Ө.Батбаяр гэдэг хүн төрийн албанд гурван жил ажилласан гэнэ. Хаана ямар ажил хийсэн вэ?
ЕТГ-ын дарга Я.Содбаатар: 2019 оноос ЗГХЭГ-ын даргын гадаад бодлогын зөвлөхөөр ажиллаж, одоо Ерөнхий сайдын гадаад бодлогын зөвлөхөөр ажиллаж байгаа.
Нэр дэвшигч Ө.Батбаяр: Монгол-АНУ-ын улс төрийн харилцааг хамгийн их анхаарах ёстой. Би гурван чиглэлд маш их анхааран ажиллана. Юуны түрүүнд АНУ-д амьдарч байгаа 30 мянган монгол иргэдэд эх орондоо байгаа мэт үйлчилгээ, бодлогыг хэрэгжүүлэх ёстой. Хоёрдугаарт, гадаад харилцааг эдийн засагжуулах ёстой. Өнөөдрийг хүртэл бий болгосон харилцаа, бодлогыг дэмжинэ. Эцэст нь Монголын соёл олон улсад гарч, хөрөнгө оруулалтыг татахын тулд онцгойлон ажиллана.
Ийн гишүүд асуулт асууж, хариултаа авснаар санал хураалт явуулж, нэр дэвшигчдийг дэмжлээ. Томилгоог УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэнэ.
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ