Вакцин эсэргүүцэгчдийг баривчилж, Бразилийн Ерөнхийлөгчийг хууль бус наймаанд буруутгав

img

Дэлхий дахин хязгаарлалт, дархлаажуулалтын тусламжтайгаар цар тахалтай тэмцсээр байна. Долдугаар сарын дөрөвний байдлаар дэлхий даяар 184 сая гаруй хүн халдвар авсанаас дөрвөн сая  хүн нас барж, 168 сая гаруй хүн эдгэрчээ. 

 

Москвад албадан дархлаажуулалтыг эсэргүүцэгчдийг саатуулжээ

ОХУ даяар коронавирусийн халдварын тохиолдол сүүлийн үед улам нэмэгдэж, харин дархлаажуулалтад хамрагдах идэвх хангалтгүй байгаа тул Москва болон өөр хэд хэдэн бүс нутагт үйлчилгээний байгууллагын ажилтнуудыг албан журмаар вакцинд хамрагдах шийдвэр гарсан юм. Энэ нь олны дунд ихээхэн шүүмжлэлтэй тулгарч байлаа. 

 

Улмаар, албан журмаар вакцинд хамруулахыг эсэргүүцэн, жагсаал зохион байгуулахаар цугларсан зургаан иргэнийг Москва хотод баривчилсан байна. Энэ талаар тухайн үед саатуулагдсан хүмүүсийн нэг болох Надежда Краюшкинаас авсан мэдээлэлтэйгээр "ОВД-Инфо" мэдээлжээ. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, Пушкиний талбай дээр цугларсан хүмүүс албан журмаар вакцин хийхийг эсэргүүцэн хамтын өргөх бичигт гарын үсэг зурах төлөвлөгөөтэй байсан ч ийнхүү саатуулагдсан байна. 

 

Энд дуулгахад, өнгөрсөн ням гарагт Орос улсад 25 мянган шинэ тохиолдол бүртгэгдсэн нь нэгдүгээр сар гарснаас хойших хамгийн өндөр үзүүлэлт юм. Нэгдүгээр сард 26 301 тохиолдол бүртгэгдэж байсан бөгөөд цар тахал эхэлснээс хойш Орост 5.6 сая хүн коронавирусийн халдвар авсан байна. 

 

Германы зах 15 сар хаалттай байсны эцэст үүдээ нээв 

 

Германы гол дурсгалт газруудын нэг болох Гамбургийн загасны зах 15 сар хаалттай байсны эцэст өнгөрсөн долоо хоногоос худалдан авагчиддаа хаалгаа нээлээ. Энэ зах дээр 60 худалдагч л ажиллах бөгөөд захын нутаг дэвсгэр дээр амны хаалттай явах ёстой, худалдаж авсан загас, далайн бүтээгдэхүүнүүдээ гагцхүү захаас гарсан хойноо л идэж болох гэнэ. Зах дээр арилжаа эрхэлж буй худалдаачдад бараагаа сурталчлан хашгирахыг хоригложээ. 

 

Гамбургийн загасны зах нь 300 жилийн түүхтэй бөгөөд цар тахлаас өмнө ням гараг бүр 70 мянга орчим хүн энэ захаар үйлчлүүлдэг байсан гэнэ. 

 

Бразилийн Ерөнхийлөгчийг вакцины худалдан авалтыг шударга явуулаагүйд буруутгав

 

Бразилийн 40 хотод олон зуун мянган хүн Ерөнхийлөгч Жаир Болсонаругийн эсрэг жагсаалд нэгджээ. Энэ нь тус улсын Ерөнхийлөгч вакциныг худалдан авахдаа албан тушаалаа ашигласан хэмээн буруутгаж байгаатай нь холбоотой гэнэ.

 

Дойчи Вилли агентлагийн мэдээлснээр, коронавирусээс сэргийлэх вакцин худалдан авахдаа Ерөнхийлөгч Болсонару албан тушаалаа урвуулан ашигласанд сэжиглэгдэж байгаатай холбоотойгоор эрүүгийн мөрдөн шалгалт явуулахыг  Бразилийн дээд шүүх зөвшөөрчээ. 

 

Прокурорын газрын мэдээлснээр, Болсонару Энэтхэгийн үйлдвэрлэгчээс коронавирусийн халдвараас сэгийлэх 20 сая тун вакцин худалдан авах гэрээг хоёрдугагар сард байгуулахдаа албан тушаалаа урвуулан ашигласан гэнэ. Тухайн үед ийнхүү гэрээ байгуулахдаа вакцины үнийг зориудаар өсгөсөн гэж Холбооны сенатын комисс дүгнэжээ.

 

Ийм сэжиг таамаг гарсаны дараа Бразилийн Засгийн газар вакцин худалдан авах гэрээг цуцалсан байна. Болсонару гэрээнд зөрүүтэй заалтууд байгаа талаар юу ч мэдээгүй хэмээн мэдэгдсэн бол Эрүүл мэндийн яам нь энэ талаар өмнө нь Ерөнхийлөгчдөө анхааруулж байсан гэж мэдэгджээ. 

 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
Манай нөгөө вакцин эсэргүүцэгч эмээ нар Москвад оччихсон эсэргүүцэл хийж байгаа биш биз.
2021-07-05