Путин, Лукашенко нар хэвлэлийн эрх чөлөөний дайснуудаар тодров

img

"Хил хязгааргүй сэтгүүлчид" олон улсын байгууллагаас бэлтгэн гаргадаг "Хэвлэлийн эрх чөлөөний дайснууд"-ын шинэ жагсаалтад Оросын Ерөнхийлөгч Владимир Путин болон Беларусийн Ерөнхийлөгч Александр Лукашенко нар багтсан талаар DW агентлаг мэдээлжээ. Түүнчлэн энэ жагсаалтад Унгарын Ерөнхий сайд Виктор Орбан багтсан нь Европын холбооны  улсын ерөнхий сайд  хэвлэлийн дайснаар тодорсон анхны тохиолдол болсон байна.

 

Долдугаар сарын тавны өдөр нийтлэгдсэн жагсаалтад нийт 37 орны төрийн болон засгийн газрын тэргүүн багтсан бөгөөд тэдгээр нь улс орондоо сэтгүүлчдийн эрх чөлөөг зэрлэгээр дардаг гэж олон улсын байгууллага үзжээ.

 

"Дэлхийн бүхий л бүс нутгуудад шинээр дарлагчид гарч ирсэн. Тэдний хэлмэгдүүлэлтийн арга нь өөр өөр ч үйл явдлыг шүүмжлэлтэй өнцгөөс мэдээлэх явдлыг ямар ч үнээр хамаагүй зогсоох гэсэн цорын ганц ижил зорилготой. Үүнээс болж сэтгүүлчид хохирсон ч тэд эрэлхэгээр эрэн сурвалжлах ажлаа үргэлжлүүлсээр байдаг" хэмээн "Хил хязгааргүй сэтгүүлчид" олон улсын байгууллагын төлөөлөгч мэдэгджээ.

 

Шинэчилсэн жагсаалтад Египетийн Ерөнхийлөгч Абдель Фаттах аль Сисси, Беларусийн Ерөнхийлөгч Лукашенко, Сирийн Ерөнхийлөгч Башар Асад, Туркменийн Ерөнхийлөгч Гурбангулы Бердымухамедов, Азербайжаны Ерөнхийлөгч Ильхам Алиев, Бразилийн Ерөнхийлөгч Жаир Болсонару, Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун зэрэг нийт 37 орны төрийн тэргүүн, засгийн газрын танхимын тэргүүн багтсаны дотор хоёр эмэгтэй удирдагч бичигдсэн байна. Тодруулбал, Хонконгийн захиргааны тэргүүн Кэрри Лэм, Бангладешийн Ерөнхий сайд Шейх Хасина нар хэвлэлийн дайснуудаар нэрлэгджээ. 

 

Путины үед 37 сурвалжлагч амиа алджээ 

 

"Хил хязгааргүй сэтгүүлчид" олон улсын байгууллагын мэдээлснээр Путин, Лукашенко нар 20 орчим жилийн туршид "хэвлэлийн эрх чөлөөний дайснууд"-ын жагсаалтад багтаж байгаа гэнэ.

 

Владимир Путин ОХУ-ын Ерөнхийлөгчийн албан тушаалд очсоноос хойш "дор хаяж 37 сурвалжлагч ажлаасаа болж алагдсан ч бараг нэг ч гэмт хэрэг илрээгүй" хэмээн олон улсын байгууллага мэдээлжээ.

 

ОХУ-д хэвлэл мэдээллийн хараат бус ажилтнуудын нөхцөл байдал сөрөг хүчний удирдөгч Алексей Навальныйг дэмжсэн жагсаалын дараагаас улам муудсан гэнэ. "Хил хязгааргүй сэтгүүлчид" байгууллагын мэдээлснээр, Кремлийг шүүмжилдэг хэд хэдэн мэдээллийн сайт сүүлийн долоо хоногуудад үйл ажиллагаагаа зогсоохоос аргагүй болжээ.

 

"Лукашенко мэдээллийг чөлөөтэй түгээх гэсэн оролдлого бүрийг дардаг"

 

"Хил хязгааргүй сэтгүүлчид"-ийн өгүүлснээр, мэдээлэл чөлөөтэй тараах гэсэн оролдлого бүрийг Александр Лукашенко нухчин дардаг гэнэ.

 

Өнгөрсөн зун түүний дэглэмийг эсэргүүцсэн жагсаал эхэлсэнээс хойш "500 гаруй сэтгүүлч баривчлагдсанаас заримтай нь шоронд хэрцгий харьцаж байсан" гэнэ. Мөн Беларусийн хэвлэл мэдээллийн 25 ажилтан өнөө хэр хоригдож байгаа аж.

 

Энд дуулгахад, "Хэвлэлийн эрх чөлөөний дайснууд" жагсаалтыг 2001 оноос эхлэн нийтэлж байгаа бөгөөд тогтмол нийтлэгддэггүй. Энэ удаагийн шинэчилсэн жагсаалтаас өмнө, 2016 оны 11 дүгээр сарын хоёрны өдөр жагсаалт гаргаж байсан юм. Энэ жагсаалт нь Сэтгүүлчдийн эсрэг гэмт хэрэгт ял шийтгэл ноогдуулдаггүй байхыг таслан зогсоох олон улсын өдөрт зориулагдаж байлаа. 

 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

МОНГОЛД КОММУНИСТУУД МАН-ЫГ ҮНДСЭЭР УСТГАСНЫ ДАРАА МОНГОЛ ОРОНД ЖИНХЭНЭ АРДЧИЛАЛ ЭРХ ЧӨЛӨӨ БИЙ БОЛНО. МОНГОЛЧУУДАА ХУВСГАЛ, ТЭМЦЭЛ ХИЙЖ КОММУНИСТУУДЫГ УСТГАН ЗАЙЛУУЛЪЯА.
2021-07-19
Иргэн:
Европын диктатур ууд Иргэд нь Европ одоо амьдарч байгаа мөртөө соц үе шиг бөглүү эрх чөлөөгүй амьдардаг Манайд Путины дуурайгаад 2 болрвсролнгүй мал ээлж дараалан өр зайдалж сууж байна Аз болоход МАН гэгч мафи байгаа ч парламент ийн засаглалын ачаар бид одоохондоо Орос Беларусь Венесуэл Сири Туркменистан шиг болоогүй байна Гэхдээ залуус ард олны минь ухаантай боловсролтой байгаач
2021-07-07
АНДУУД
2021-07-06