Эрүүл мэндийн салбарынханд эргэлт алга

Эрүүл мэндийн салбарынхны суулт дөрөв дэх өдрөө Сүхбаатарын талбайд үргэлжилж байна. Тэд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, УИХ-ын дарга Г.Занданшатар, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Сангийн сайд Б.Жавхлан, УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга М.Оюунчимэг, Эрүүл мэндийн сайд С.Энхболд нарт эмч, ажилтны үндсэн цалинг хоёр дахин нэмэгдүүлэх албан шаардлагыг хүргүүлж, хариугаа дөрвөн өдөр хүлээж суугаа нь энэ. Харин тэдэнтэй төр засгийн төлөөллөөс хэн нь ч ирж уулзсангүй.
Хэдэн сарын өмнөх үйл явдлыг эргэн саная. УИХ дахь АН-ын бүлгийн гишүүд Сүхбаатарын талбайд өлсгөлөн зарласан нэрээр улс төрийн шоу хийв. Тэд ширээ сандлаа авчирч суух нь холгүй төв талбайд хэд хоног тухлав. Энэ хооронд нь тэдэн дээр УИХ-ын даргаасаа эхлээд гишүүд нь ээлж дараалан ирж, уулзав. УИХ-ын дарга Г.Занданшатар бүр өлсгөлөнгөө зогсоо, үгүй бол би өөрөө та нартай хамт энд өлсгөлөн зарлана гэж попорч байлаа. Мөн Хуульзүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар ирж уулзсан гэхчлэнгээр АН-ын бүлгийнхэн эргэлтээр тасраагүй. Тэд улс төр хийсэн, УИХ-ын гишүүн Н.Алтанхуягийг Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлсэнгүй хэмээн төв талбайд ирж суусан нь тэр.
Харин эрүүл мэндийн салбарынхан цалингаа нэмүүлэхийг хүсч байна. Гэвч тэдэнтэй хэн ч ирж уулзсангүй. Салбарын сайдаасаа эхлээд Ерөнхий сайд хүртлээ бараагаа харуулсангүй, хэдэн өдөр боллоо. Монголын нийгэм ямар ялгавартай болохын тодхон жишээ. УИХ-ын гишүүд нь улс төр хийж, өлсгөлөн зарлалаа хэмээн шоудахаар сайд, дарга нь бултаараа ирдэг. Энгийн албан хаагчид амьдралын баталгааныхаа төлөө суулт хийхээр хэн ч ирдэггүй.
Монгол Улсад цар тахлыг аль хэдийнэ алдаж, бараг иргэн бүр толгой дараалан халдвар авч байна. Эмнэлгийн орон дээр хэдэн зуун хүн, гэртээ хэдэн мянган хүн өвдөж, вирустай тэмцэлдэж байна. Тэдний амийг эмч нар, эмнэлгийн ажилчид торгоож байгаа. Өргөсөн тангараг, сонгосон ажил мэргэжил нь учраас эргэж буцах зам эмнэлгийнхэнд байхгүй. Тиймдээ ч саяханыг хүртэл тэд дуугараагүй, байгаа боломж бүхнээрээ цар тахалтай тэмцэлдсэн. Харин одоо тэдний тэвчээр тасарч, сөхөрч унахдаа тулжээ. Тиймдээ ч ядаж энэ боломжийг ашиглаад цалингаа нэмүүлэхийг хүслээ. Монголын төр албан хаагчдынхаа цалинг заавал нэхэл дагуул болж, суулт өлсгөлөн болгож байж нэмдэг зуршилтай. Одоо нэмэх цаг болсон гэж нэг ч удаа нэмж байгаагүй. Зах зээлийн жамаар бараа бүтээгдэхүүний үнэ өдөр бүрээр нэмэгдсэн ч цалинг бахь байдгаараа л үлддэг. Багш нар ч тэмцэж байж цалингаа багахан нэмүүлж байлаа. Одоо эмч нар амьдралын баталгааныхаа төлөө тэмцэж байна. Гэвч тэднийг хэн ч тоосонгүй. Салбарын сайдаасаа эхлээд дарга даамлууд бүгд ширээний араас гоё сайхныг амалж, хүндрэл бэрхшээлийг тооцсоноос ирж царайгаа харуулсангүй.
Эрүүл мэндийн салбарынхан мэдээж тэдний царайг харахын тулд усан бороонд цохиулан байж, талбай дээр суугаагүй. Тэд цалингаа л нэмүүлэхийг хүссэн. Гэхдээ төр гэж байдаг бол, тэднийг төлөөлдөг сайд гэж байгаа бол ирж уулзах л учиртай.
Монгол Улс мөнгөгүй байна, нөхцөл байдал хүнд байна гэж амтай болгон ярьдаг. Гэхдээ хаа холын аймагт хэрэггүй байшин барьж, шавар овоолохдоо мөнгө харамладаггүй. Гишүүн бүр өөр өөрийн тойрогтоо жорлон ч болтугай бариулах гэж чичирдэг. Ажил хийсэн нэр зүүхийн тулд нүдэнд харагдах байшин бариулахыг чухалчилдаг. Гэхдээ хэн ч тэнд ажиллаж байгаа хүмүүсийн нийгмийн асуудлыг ярьдаггүй, цалин хангамжийн талаар ам нээдэггүй. Учир нь цалин барилга байшин шиг хүмүүсийн нүдэнд харагдахгүй, дансанд ордог учраас.
Цаг үеийн нөхцөл байдлыг зөвөөр үнэлдэг, хүнээ гэх сэтгэлтэй байсан бол төсвийн ихэнх хувийг барилга байшинд бус хүнийхээ эрүүл мэндийн төлөө, тэдний амь насны төлөө тэмцэлдэж байгаа эмч нарын нийгмийн баталгааны төлөө зориулах учиртай. Гэвч Монголын төрд тийм нүд алга, сэтгэл алга. Өнөөдрийн улс төр хийж, маргаашийн албан тушаалын төлөө шунасан хэдхэн хүний тоглоом тохуун дунд ажиллаж, амьдарчих санаатай зүдэрч л явна, монголчууд.
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ