Гэрийн тусгаарлалт ба орхигдсон хүмүүс

Коронавирусийн халдвараар өвчиллөө. Халдвар авах нь цаг хугацааны асуудал гэж бодсон учир тайвнаар хүлээж авсан юм. Харин “ямар эмчилгээ хийлгэх юм бол” гэж бодов. Ингээд гэртээ ирж өөрийгөө тусгаарлаж, өрхийн эмч рүүгээ залгав. Үнэндээ өрхийн эмчийн дугаар надад байсангүй. Тандалт судалгааны баг, 119 дугаар руу шат дараатай утас цохив. Гэтэл “өнөөдөр өрхийн эмч чинь амарч байгаа” гэсэн хариулт сонслоо. Ингээд эмийн сангийн эмчээс халдварыг эмчлэхийн тулд ямар эм уух талаар зөвлөгөө авч, эм хүргэлтээр авсан юм. Энэ зуур эм хүргэлт үнэхээр түргэн шуурхай байсныг онцлох хэрэгтэй байх. Ингээд Ман 4, Норов 7, дархлаа дэмжих эмийг зааврын дагуу ууж байлаа. Халдварыг анагаах Ман 4, Норов 7 гэсэн дажгүй нэртэй тан ч үнэхээр гашуун амттай аж.
Амралтын хоёр хоног аминдаа өөрөө өөрийгөө эмчилж, анагааж суув. Халдварт өртсөн хүмүүсийн зөвлөгөө зөвлөмж үзэж, эртхэн эмчлэх хэрэгтэй гэсэн л бодолтой боллоо. Ингээд ажлын өдөр өрхийн эмч, тандалт хариу арга хэмжээний баг, дүүргийн нэгдсэн эмнэлэг зэрэг газрууд руу залгалаа. Хэн ч утсаа авсангүй. Залгасаар л . Оройхон өрхийн эмнэлгийн утастай холбогдов. Учир байдлаа тайлбарлав. Ирж үзэхийг гуйв. “Өрхийн эмчтэйгээ яриарай” гэсэн жижүүрийн хариулт сонсов. Өрхийн эмч рүүгээ байна байна залгав. Ингээд 18 цаг өнгөрч байхад арай гэж холбогдов. Учир байдлаа тайлбарлаж, ирж үзэхийг гуйв. Түүнийг хариулт “ажлын цаг дууссан. Оройны баг ачаалалтай байна. Мэдээллээ явуул. Маргааш үзнэ” гэв. Гэвч надад өнөөдөр эмч хэрэгтэй байлаа.
Ойрын хавьтал болж долоо хоноод, халдвар батлагдаж гурав хоносон хүнд эмчийн тусламж үнэхээр хэрэгтэй байсан боловч, тэд маргааш гэж хойшлуулав. Ингээд аргагүй эрхэнд маргаашийг нь хүлээнэ. Халдвар хүндэрч хатгалгаа болбол хэцүү гэдгийг нь мэдэж байсан учир эмчээс үзэж өгөхийг хүссэн. Өрхийн эмч маргааш гэж хойшлуулсан учир, тандалт судалгааны баг руу ярьж үзэж өгөхийг гуйв. Тэд “ачаалал ихтэй байна. Орой 24.00 цагаас өмнө очиж үзнэ” гэв. Тандалт хариу арга хэмжээний багийг хүлээсээр л. Тэд хэлсэн цагтаа ирсэнгүй. Түүнээс оройтсон ч ирсэнгүй.
Манай улсад халдварын нөхцөл байдал өдөр ирэх тусам хүндэрсээр л байна. Өнөөдөр дахиж хэдэн хүн халдварын улмаас нас барсан бол гэх айдас түгшүүртэй 11.00 цагийн мэдээ сонсоно. Эмнэлгийн байгууллагууд түргэвчилсэн шинжилгээний дутагдалд орж, хязгаарлагдмал болжээ. Иргэд түргэвчилсэн шинжилгээ өгөх хүсэлтэй байв ч өрхийн эмнэлэгт түргэвчилсэн шинжилгээ дутмаг байна. Мөн улсын хэмжээнд гэрийн тусгаарлалтад олон хүн байх ч эмч, эмнэлгийн ажилтнуудын хүрэлцээ дутмаг учир хүн нэг бүрт хүрч үйлчлэх боломжгүй байгаа гэнэ. Халдвараар өвчилж гэрээр эмчлүүлж буй иргэд эмчид үзүүлж, зөвлөгөө авах шаардлагатай. Гэвч энэ боломж алга. Гэрийн тусгаарлалт, эмчилгээ нэртэй иргэдээ орхих уу.
М.Насан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ