Төр засаг нүдээ нээгээч, эмч нар туйлдаж, иргэд үхэж байна

img

Сүхбаатарын талбайд суулт зарлаж буй эрүүл мэндийн салбарын төлөөлөл мэдээлэл хийлээ. Тэд Засгийн газрын гал унтраах аргад хууртахгүй хэмээн мэдэгдэж байна. Засгийн газраас эмч, эмнэлгийн ажилтнуудын цалинг тодорхой хувиар нэмж, улаан бүсэд ажиллаж буй хүмүүст урамшуулал олгох шийдвэр гаргаад буй. Харин эрүүл мэндийн салбарынхан үндсэн цалингаа хоёр дахин нэмэгдүүлэх шаардлагыг тавьж, суулт зарлаж буй юм. Мөн тэд амь нас, эрүүл мэнд, эрсдэлийн даатгалд хамруулахыг шаардаж байна.

 

 

“Монгол Улс бүхэлдээ коронавирусийн улаан бүс болсон байхад эмч нарыг улаан, ногоон бүсэд ажиллаж байгаа ялгаварлахгүйгээр бүгдэд нөхөн олговор олгох ёстой. Төр засаг нүдээ нээж, чихээ онгойлгооч ээ. Эмч нар туйлдаж байна, ард иргэд чинь үхээд байна. Маш олон хүн өвдөж байна. Тэр хүмүүсийн амь насыг аврах гэж эрүүл мэндийн салбар өдөр шөнөгүй хөдөлж байна. Ийм цаг үед яагаад эрүүл мэндийн салбарын 56 мянган хүний шаардлагад нэг ч хариу өгдөггүй юм бэ. Бид 06 дугаар сарын 28-ны өдөр долоон хүнд шаардлага хүргүүлсэн. Нэгнээс нь ч хариу ирээгүй. Энэ манай салбарыг доромжилж байгаа юм биш үү.

 

Эмч нар өөрсдөө өвдөөд түрүүч нь нас барж байна. Яагаад энэ хүмүүсийг анхаарахгүй байгаа юм” хэмээн эмч нарын төлөөлөл бухимдаж байна. Тэд шаардлагыг биелүүлж хариу өгтөл суултаа үргэлжлүүлэхээ мэдэгдэв.

 

В.Бат

СЭТГЭГДЭЛ БИЧИХ