Баяр наадмын өдрүүдэд аялж зугаалж байхдаа 47 хүн амь насаа алджээ

Сүүлийн 10 жилд усны ослоор 230 хүүхэд эндсэн байна
Баяр наадмын амралтын өдрүүдийн цаг агаарын нөхцөл байдал болон амарч зугаалахад анхаарч болгоомжлох асуудлын талаар ЦЕГ, ОБЕГ, УЦУОШГ-аас мэдээлэл хийлээ. Сүүлийн 10 жилд улсын хэмжээнд 2091 хүн аюулт үзэгдэл, ослын улмаас амь насаа алдсан байна. Үүний 53.7 хувь нь үер усанд амь насаа алджээ. Үерийн аюулд 52 хүн амь насаа алдсан бол үлдсэн 1070 нь усанд осолджээ. 10 жилийн хугацаанд усны ослоор 230 хүүхэд эндсэн байна. 2019 онд 82 хүн усны ослоор амиа алдсаны 10 нь хүүхэд байна. 2020 онд 121 хүн усанд осолдсоны 30 нь хүүхэд байжээ. Усанд осолдсон нийт ослын 77 хувь нь амарч зугаалж явахдаа амь насаа алдсан байна. Баяр наадмын өдрүүдэд амарч зугаалж байхдаа усны ослоор 2017 онд 12 хүн, 2018 онд 4 хүн, 2019 онд 14 хүн, 2020 онд 17 хүн, нийтдээ 47 хүн амь насаа алджээ. Тэдний 77 хувь нь эрэгтэйчүүд байна. 2021 оны долдугаар сарын байдлаар 37 хүн үер усны ослоор амь насаа алдаад байна.
ЦЕГ: Энэ жил 1-5 насны 8 хүүхэд гол усанд живж нас барсан. Энэ ослуудын гол шалтгаан нь эцэг эхийн хайхрамжгүй, хараа хяналтгүй байдал байна. Тиймээс аялж зугаалахдаа хүүхдэдээ хараа хяналт тавих шаардлагатай байна. Мөн томчууд архидан согтуурсан үедээ гол усанд живж амиа алдсаар байна.
Эрүүгийн хуулийн 16.11-д хүүхдийг асран хамгаалах үүргээ биелүүлэх гэсэн заалт бий. Эцэг эхчүүд бага насны хүүхдээ асран хамгаалах үүргээ биелүүлээгүй бол эрүүгийн хуулиар шалгаж, шийтгүүлэх хуулийн зохицуулалт байдгийг насанд хүрэгчдэд анхааруулж байна. Мөн иргэдэд амь насаараа дэнчин тавьж, баталгаагүй гарам гарцгүй орохгүй байхыг санууллаа.
УЦУОШГ: Энэ жил нийт нутгаар хур бороо элбэг байна. Үүнтэй холбогдуулан ихэнх гол мөрний түвшин олон жилийн дундаж түвшинг даван, хүчтэй үерлэж байна. Өнөөдрийн байдлаар Ерөө, Туул, Дэлгэрмөрөн, Сэлэнгэ мөрөн, Онон, Хэрлэн, Хараа, Онги зэрэг голууд үерийн түвшинг даван үерлэж байна. Цаашид ихэнх нутгаар түр зуурын болон үргэлжилсэн бороо орно. Тиймээс гол ус үерлэх учраас үер уснаас болгоомжтой байхыг анхааруулж байна.
ОБЕГ: Иргэд амарч аялахдаа усанд осолдох эрсдэл өндөр байна. Гол мөрний орчимд амарч байхдаа архи, согтууруулах ундаа хэрэглэдэг. Тэгээд усанд орж, эрсдэж байна. Мөн хүүхдийг хараа хяналтгүй усанд тоглуулах, стандарын бус хөвөгч дээр орхисон тохиолдлуудад хүүхэд эрсдэж байна. Өсвөр насны хүүхдүүд эцэг эхдээ хэлэхгүйгээр ус гол руу зугаалж байхдаа эрсэддэг. Нэгнээ аврах гэж ар араасаа орж, амь насаа алдаж байна.
Хориотой байгаа аймаг, сум руу хулгайн замаар явах, машин техникдээ эрдэж байгаад олноороо усанд живж эрсдэж байна. Стандартын бус завь, хөвөгч ашиглаж, амь насаа алдаж байна. Энэ бүхэнд иргэд анхаарах шаардлагатай байна.
Усанд осолдохгүй байх сэрэмжлүүлэг:
-Амарч аялахдаа гол усны эрэг рүү ойр буудаллаж болохгүй.
-Голын салаа, сайраас хол буух
-Тээврийн хэрэгслээр гол ус гаталж болохгүй. Машинтайгаа гол усанд суусан бол тусламж хүсч, хүлээх хэрэгтэй.
-Хувийн бэлтгэлээ сайтар хангах ёстой. Эм тариа, татлага олс, ослын гурвалжин, галын хорыг зайлшгүй авах хэрэгтэй.
-Зорчих гэж буй аймаг, сумаар чөлөөтэй нэвтрэх эсэхийг сайтар судалж, зөвшөөрлөө авч зорчихыг анхааруулж байна.
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ