Аймаг, сумдыг дур мэдэн хөл хорио тогтоохыг хориглолоо

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар хэлэлцсэн асуудлаар мэдээлэл хийлээ. Өнөөдрийн УОК-оос цар тахлын нөхцөл байдал, хариу арга хэмжээний талаар танилцуулж, Засгийн газраас холбогдох шийдвэрийг гаргажээ.
-
Экспортын боомтуудтай аймгуудад одоогийн мөрдөж буй хатуу хөл хорио хэвээр үргэлжилнэ. Харин бусад аймаг, сумд дур мэдэн хөл хорио тогтоохыг хориглолоо. Хөл хорио тогтоох шаардлагатай тохиолдолд УОК-оос үнэлгээ хийж, Засгийн газраас шийдвэр гаргана.
-
Баяр наадмын өдрүүдэд амарч зугаалахдаа нэг машинд 5-аас дээшгүй хүнтэй явна. Ингэхдээ гэр бүлийн гишүүдээс нэг хүнийг урьдчилсан шинжилгээнд хамруулна. Гэхдээ вакцины хоёр тунд хамрагдаад 14 хоносон хүнээс авахгүй. Харин хүүхдүүдийн хувьд 5-аас дээш насны нэг хүүхдээс түргэвчилсэн шинжилгээ авна.
-
Цахим визний системд шилжих журмыг баталлаа. Цахим визээр гадаадын 31 улсын иргэдийг нэвтрүүлэх боломж нээгдлээ. Мөн Монгол Улсын визийн 11 стандартыг цаг үеийн шаардлагад нийцүүлэх үүднээс 29 хэлбэр, 64 төрөл ангилал болголоо.
УОК-ийн нарийн бичгийн дарга Т.Баярхүү:
Өчигдрийн байдлаар 20 аймагт 30 299 тохиолдол бүртгэгдсэн. Эмнэлэг болон тусгаарлах байранд 7 476 хүн эмчлүүлж байна. Халдварын тархалт орон нутагт нэмэгдсэнтэй холбогдуулан өчигдрийн байдлаар 18 аймгийн 196 сум, 6 тосгонд хязгаарлалтын дэглэм тогтоосон байгаа. Эдгээрээс 07 дугаар сарын 09-нөөс эхлэн 13 аймгийн 101 суманд хязгаарлалтын хугацаа дуусна. Хязгаарлалт нь дуусч байгаа аймгууд цаашид нэмэлтээр хязгаарлалт тогтоохгүй. Одоо тогтоосон хязгаарлалтын дэглэмийг сунгахгүй байх чиглэлийг аймаг, орон нутгийн удирдлагуудад өглөө гэсэн мэдээллийг өгөв.
Орон нутаг руу иргэдийн зорчих хөдөлгөөн нэмэгдэх учраас ХӨСҮТ-өөс тооцоо судалгаа хийжээ. 2021 оны 07 дугаар сарын 17 гэхэд орон нутагт бүртгэгдэх халдварын тохиолдол 1300 болж нэмэгдэнэ. Мөн эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх хүний тоо 20 хувиар нэмэгдэх урьдчилан тооцоо гарчээ.
Тиймээс иргэдийн орон нутаг руу зорчихгүй, хот орчмын амралт зугаалгын газруудад амрах уриалгыг УОК-оос гаргаж байна. Харин орон нутаг руу зорчих иргэдийг суурин газруудад орохгүй байхыг зөвлөж байна. Зөвхөн шатахуун, хүнс, яаралтай эмнэлгийн тусламж авах, тээврийн хэрэгслийн засвар үйлчилгээ авах тохиолдолд тухайн аймгийн дэглэмийг мөрдөж суурин газарт нэвтэрч болно.
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ