Л.Оюун-Эрдэнэ: Эрүүл мэндийн салбарыг улстөржүүлсэн ажиллагаагаа зогсоохыг шаардаж байна


Цалингаа нэмүүлэхээр эмч, эмнэлгийн ажилтнууд цалингаа нэмэгдүүлэхээр Сүхбаатарын талбайд суулт хийж байгаа юм. Өнөөдөр өглөө тэд мэдэгдэл хийсэн бөгөөд 15:00 цагаас Ерөнхий сайдтай уулзаж байгаа юм. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр суулт хийж байгаа эмч нарын төлөөлөлтэй уулзаж, "цалин нэмүүлэхээр эмч нарыг суулт хийлгэж байгаагийн цаана ЭМ-ийн сайдаар ажиллаж байсан хүмүүс байгаа, улстөржилт хийж байна" гэдгийг онцолсон. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ:
-Цар тахлын үед эрүүл мэндийн салбарт маш их санхүүжилт олгосон. Сүүлийн хоёр жилд 30 жилтэй тэнцэхүйц хөрөнгө зарцуулаад байна. Эмч нар гэлтгүй цагдаа, онцгой гээд маш олон салбарынхан хэцүү нөхцөлд байна, гэхдээ тэд ийм юм яриагүй. Онцгой байдлын албан хаагчид бид яах вэ эмч нартаа гэж байна лээ. Би тэднээр бахархсан. Төсвийн тодотгол баталсан. УИХ-ын хаврын чуулган хаалтаа хийсэн. Энгийн үед тангараг яриад, ийм үед зовлон ярьж болохгүй. Ийм үед бид эцсийн мөч хүртлээ иргэдээ хамгаалах ёстой. Үүнийг зохион байгуулалттайгаар хийж байгааг тусгай албаны шугамаар олж мэдсэн. Шаардлагатай бол улс эх орноосоо урвасан гэж үзэх болно. Ийм үед бид нялцганаж болохгүй. Одоо энэ асуудлаа цэгцэл. Зөвшилцөлд хүр.
Эрүүл мэндийн салбарыг улс төрөөс ангид байлгах ёстой. Цаашлаад энэ байдал тасрахгүй бол зохион байгуулж байгаа хүмүүсийн нэрийг би зарлана шүү. Ерөнхий сайдын хувьд Монголд нэг номерийн мэдээлэлтэй хүн, тусгай албаны мэдээлэл ч авч байгаа. Эрүүл мэндийн салбарыг улстөржүүлсэн аливаа үйл ажиллагааг зогсоохыг шаардаж байна. Би энэ удаад эелдгээр сануулъя хэмээв.
Н.Нягт
СЭТГЭГДЭЛ БИЧИХ