ЭМЯ-ны анхааруулга иргэдэд үйлчлэх үү

img

Баяр наадмын амралтын өдрүүдэд нийслэлээс 81 мянган хүн орон нутгийг зорьсон албан тоо баримт бий. Тэдний түрүүч нь ирж, өнөөдрөөс ажилдаа орж байна. Харин Эрүүл мэндийн яамнаас орон нутаг руу зорчсон иргэдийг гэртээ долоо хоног тусгаарлагдах анхааруулгыг гаргаад буй. Учир нь иргэд орон нутаг руу зорчихдоо олон хүнтэй хавьтал болж, халдвар нэмэгдэх, цаашлаад хүндэрч эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгчдийн тоо өсөх хандлагатай байгаа  учраас гэртээ өөрийгөө 7 хоног тусгаарлан ажиглахыг анхааруулж байна. 

 

Эрүүл мэндийн яамны анхааруулгаар бол тулгаж ирсэн иргэд дахин долоо хоног амрах хэрэгтэй болно. Ажлаасаа чөлөө авах шаардлага үүснэ гэсэн үг. Харин иргэдэд Эрүүл мэндийн яамны энэ анхааруулга хэр хүрсэн нь сонин байна. Өөрөөр хэлбэл олон хоногийн амралтаар бөөгнөрсөн ажлаа амжуулахаар ихэнх нь ажилдаа явсан уу эсвэл Эрүүл мэндий яамны анхааруулгыг дагаад гэртээ байгаа юу. 

 

Амралтын өдрүүдэд халдварын тархалт буурч буйг Эрүүл мэндийн яамнаас мэдээлж байв. Эрчимтэй өсөлтийн үед нийт шинжилгээний 26 хувь нь батлагдаж байсан бол амралтын өдрүүдэд 19 хувь болон буурсныг Засгийн газраас мэдээлж байлаа. Харин өнөөдрөөс халдварын нөхцөл байдал өөрчлөгдөж болзошгүй. Таамаглалаар бол орон нутгийн халдварын тархалт нэмэгдэж болзошгүй. Учир нь хотоос халдвартай иргэд орон нутагт очсон байх магадлал өндөр. 

 

Баярын амралт эхлэхээс өмнө бөөгнөрөхгүй, олуулаа нэг дор цуглахгүй байхыг Улсын онцгой комисс, Эрүүл мэндийн яамнаас хангалттай анхааруулсан. Харин манайхан энэ анхааруулгыг үл тоож, гол усны эргээр бөөгнөрөл үүсгэж, өөрсдийгөө, өрөөлийг ч эрсдэлд оруулах нөхцөл байдлыг бий болгосон. Ингэж бөөгнөрсөн учраас өөрсдийгөө тусгаарлах шаардлагыг тавьж буй. Энэ шаардлагыг ч анхаарч биелүүлж буй хүн бараг л үгүй болов уу. Хэнэггүй монгол зан хэзээд хэрэг тарьдаг хойно доо.

 

В.Бат

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Манай хамаатнууд хөдөө явж ирчэхээд л шууд уулзсан шдээ юун 7 хоног цаашаа
2021-07-19
Tiim ih uhamsartai ard tumen mon biluu.
2021-07-19
Иргэдийг хөдөө аймгуудаар зорчуулж амруулж салхинд гаргасны буруу огт байхгүй. Иргэд хөдөө аймгуу руу гэр бүлээс гадуурх олон хүнтэй уулзахгүй учрахгүй олуулаа нэг дор цугларахгүй зөвхөн гэр бүлийн хүрээнд амарч зугаалвал халдвар тусахгүй шүү дээ.
2021-07-19