Наадмын маргааш намар

Наадмын урт амралтын өдрүүд дууслаа. Энэ жил коронавирус цар тахлын улмаас Ардын хувьсгалын 100 жил,, Үндэсний их баяр наадмыг тэмдэглээгүй. Өөрөөр хэлбэл, Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар үндэсний их баяр наадмыг нэг жилийн хугацаатай хойшлуулсан. Гэхдээ наадмын өдрүүдэд цахим урлагийн тоглолт үзэж, аялж амарсан. Монгол Улсын Ерөнхийлөгч баяр наадмын мэндчилгээндээ наадмаа гэртээ тэмдэглэн өнгөрүүлэхийг уриалсан. Гэсэн ч наадмын ес хоногийн амралтын өдрүүдэд нийслэлээс 81 мянган хүн орон нутаг руу зорчсон гэх мэдээлэл бий. Харин өчигдрөөс эхлэн ажил эхэлсэн. Наадмын дараа намар гэдэг. Бидэнд шийдээгүй олон асуудал бий. Тодруулбал, есдүгээр сарын 01-нд шинэ хичээлийн жил эхэлнэ. Шинэ хичээлийн жилд танхимаар хичээллэх эсэх нь эргэлзээтэй. Энэ талаар БШУ-ны сайд Л.Энх-Амгалан "Хичээлийн шинэ жилийн эхлэх хугацаа Боловсролын хуулийн дагуу зохицуулдаг. Бид хуулиа хэрэгжүүлнэ. Гэхдээ ковидийн нөхцөл байдал сайжрах уу эсвэл муудах уу гэдгийг хэлэхэд хэцүү байна. Өнөөдрийн байдлаар 12-17 насны хүүхдүүдийн 70 орчим хувь, ЕБС-ийн багш нарын 80 орчим хувь нь коронавирусийн вакцины хоёр дахь тундаа хамрагдсан.Тиймээс намрын хичээлийн жилийг есдүгээр сарын 1-нд хичээлээ эхлүүлэхээр аймаг орон нутаг, сургууль цэцэрлэгийн удирдлагуудад чиглэл өгч бэлтгэл ажлаа хангаж байна. Гэхдээ эцсийн шийдвэрийг Засгийн газар гаргана.
Бид энэ оны есдүгээр сарын 1-нд хичээлээ эхлүүлэхгүй бол хоёр жилийн турш танхимын хичээлийг бүрэн хаасан цөөн хэдэн улсын тоонд орохоор байна. Хичээлийн хоцрогдол маш их үүссэн. Нэгэнт бид ковидтой дасан зохицон амьдрахаас хойш хичээлийн жилийн хугацаанд нь танхимаар эхлүүлэхээр бэлтгэл ажлыг хангаж ажиллаж байгаа” гэж мэдээллээ. Хэдийгээр БШУ-ны яамнаас танхимаар хичээллүүлэх бодлого баримталж байгаа ч эцсийн шийдвэрийг Засгийн газар гаргана.
Мөн ЭЕШ-ыг энэ сарын 01-04-ны өдрүүдэд зохион байгуулахаар төлөвлөөд байсан ч цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалж тодорхойгүй хугацаагаар хойшилсон. Хэдийгээр долдугаар сарын 10-нд шалгалтын тов зарлана гэж байсан ч зарлаагүй байна. Тэгвэл өнөөдөр Засгийн газар ээлжит бусаар хуралдаж, шалгалтын товыг зарлах гэнэ.
Түүнчлэн энэ жил зарим аймгуудын нутгаар зуншлага муу гандуу байгаа. Ургац сайн хурааж өвөлжилтийн бэлтгэлээ хангахгүй бол хэцүү. Өвлийг бэлтгэлгүй давна гэдэг боломжгүй. Удахгүй сэрүү унана. Хийх ажил их, цаг хугацаа давчуу байна. Өвөлжилтийн бэлтгэл ажилдаа шамдах цаг иржээ.
М.Насан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ