Европын холбооны эсрэг ард иргэд нь босох уу

img

БНЧУ-ын Ерөнхийлөгч асан Вацлав Клаус автомашины худалдаа, хэрэглээний хориг болон эсэргүүцэл бослогын тухайд.

 

1.Ноён Ерөнхийлөгчөө, урт хугацаанд та ногоон хориг, хязгаарлалтуудын эсрэг тэмцлийг явуулж байгаа хүний хувьд Европын Холбооны Зөвлөлийн “Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг цогц арга хэмжээ” гэх зоримог шийдвэрийн тухайд ямар бодолтой байна вэ?

 

Уур амьсгалын цогц арга хэмжээ гэгч нь зоримог шийдвэр биш юм. Энэ нь Европын ард иргэдийн амьдрал, эрх чөлөө, амьжиргааны стандартад үлэмж хор хөнөөлтэй, утга учиргүй мунхаглал. 

 

2.Хэрэв энэ цогц арга хэмжээ бүрэн дүүрэн хэрэгжиж, Европын Холбооны хувьд нүүрстөрөгчийн давхар ислийн ялгаралаа 2030 он гэхэд 55 хувиар бууруулж, цаашлаад энэ зууны дундуур “Нүүрстөрөгчийн хувьд саармаг” нөхцөл байдалтай болох аваас манай гарагт ямар тус нэмэртэй вэ?

 

Цогц арга хэмжээ манай гарагт тустай гэж зөвхөн ногоон активистууд гэгдэх уур амьсгалын алармизмын утга учиргүй номлолыг дэмжигсэд л үздэг. Нүүрстөрөгчийн давхар ислийн агаар мандал дахь хэмжээ болон дундаж агаарын хэмийн хооронд шууд буюу шугаман хэлхээ холбоо байдаг гэж үздэг хүмүүс гэсэн үг. Би мэдээж хэвлэл мэдээллээр цацагддаг ийм утга учиргүй мэдэгдлүүдэд хуурч мэхлэгддэг хүмүүсийн нэг биш. Дэлхийн уур амьсгалын хувьсал өөрчлөлтөд хүний гүйцэтгэх үүрэг туйлын ялимгүй. Мөн CO2 нь хэдийнээ агаарын хэмийн өөрчлөлтөд үзүүлэх боломжит үүргээ гүйцэтгэчихсэн. Нүүрстөрөгчийн давхар ислийн хувьд саармаг төлөв байдалтай болох гээд байгаагийн цаад сэдэл нь агаарын хэмтэй ямар ч хамааралгүй. Энэ бол хүн төрөлхтний эсрэг явуулж буй бодлого.

 

3.Автомашины үйлдвэрлэлтэй холбоотой авах арга хэмжээнүүд хэвлэлээр дуулиан дэгдээсэн. Европын Зөвлөлийнхөн 2035 он гэхэд Европын Холбоонд дотоод шаталтын хөдөлгүүр бүхий автомашины худалдааг хориглохыг санал болгосон. Үүнийг ийм богино хугацаанд хийж гүйцэлдүүлэх нь эрүүл ухаанд нийцнэ гэж үү?

 

Хорь эсхүл тавин жилийн дараа автомашин чухам ямар хөдөлгүүртэй болж хувирахыг би тааварлаж чадахгүйгээс гадна ингэхийг ч хүсэхгүй байна. Техникийн дэвшил өөрийн гэсэн хуулийн дагуу өрнөдөг. Хүн төрөлхтний хөгжил дэвшил ч мөн адил. Энэ нь ч сайн хэрэг. Хэрэв техникийн дэвшлийн үр дүнд дотоод шаталтын процессоос хамааралгүй хөдөлгүүр зохион бүтээгдэж техникийн хувьсгал хийгдвэл (энэ нь өнөөгийнхтэй харьцуулахад хямд бас өрсөлдөх чадвартай байж чадвал) мэдээж хэрэг дотоод шаталтын хөдөлгүүр техникийн музейд тавигдах болзлоо хангаж таарна. Гэвч энэ нь одоо цагт боломжгүй төдийгүй 2030 оны үед ч ингэх найдвар огт байхгүй байна.

 

4.Info.cz-ийн ерөнхий эрхлэгч  Микал Пур “Бид Европын Холбооны гишүүн улс байх нь ямар ч үнэ цэнэгүй болж хувирахад туйлын ойрхон цаг үед байна” гэжээ. Эдгээр радикал ногоон арга хэмжээнүүд нь илүү их эсэргүүцлийг өдөөж, тэр ч бүү хэл өнөөгийн байдлаар эсэргүүцэл бага байгаа улсуудыг ч хамрах юм биш биз гэж танд бодогдохгүй байна уу?

 

Европын Холбооны гишүүн байх нь тусгаар улс орнуудад ямар ач холбогдолтой тухай маргаан нь олон хүчин зүйлсээс хамаардаг. Эдийн засгийн интеграцичлал, бараа бүтээгдэхүүн, ажиллах хүчин болон капиталын урсгал хил хооронд чөлөөтэй хориг саадгүй нэвтрэх, зах зээлийн үйл ажиллагаан дахь төрийн хөндлөнгийн оролцоо хамгийн бага байх нь гишүүн улсуудын эдийн засгийн үйл ажиллагаанд оролцогчдод тус нэмэртэй байж эдийн засгийн нөлөөлөл үзүүлдэг. Гэвч өнөөгийн ЕХ ийм байхаа хэдийнээ больжээ.

 

Европын Холбоо иррациональ, эдийн засгийн сүйрлийн үр дагавартай төсөл хөтөлбөрүүдийг дэмжих болсны хамгийн нийтлэг жишээ гэвэл дээрх уур амьсгалын цогц арга хэмжээнүүд. Иймд иймэрхүү бодлого баримталдаг ЕХ-г орхиж гарах нь рациональ алхам. Гэвч БНЧУ шиг жижиг улсын хувьд Британийн Нэгдсэн вант улс гэх том гүрэн хэрхэн “эрүү шүүлтэд өртөж” байгаагаас харахад ч тэр нэг хэсэгтээ л хүнд ачаа буулгыг үүрч явахаас өөр сонголтгүй. Өнөөдрийн байдлаар гишүүн улс орнууд ЕХ-г эсэргүүцэж босно гэдэгт би итгэлгүй байна. Хүлцэнгүйгээр захирагдах нь Европ болон бүхэл Өрнөдийн дээд хэмжээнд нэгэнт шийдэгдсэн асуудал.

 

5.Иргэдийн тухай дурдвал өнгөрсөн хугацаанд Францад шатахууны үнэ ихээр өссөн нь шар хантаазтнуудын хөдөлгөөнийг өдөөж, үндэсний хэмжээний томхон жагсаал цуглаан зохион байгуулагдахад хүргэсэн. Европын Холбооны ногоон төсөл, хөтөлбөрүүд Европт үүнтэй ижил зүйлсийг өдөөх юм биш биз? Энэ бүхний эцэст Европын Холбооны төгсгөл ч ирж болно шүү дээ.

 

Би “Шар хантаазтнуудын хөдөлгөөн”-ийг талархан дэмжиж хүлээж авсан хүн. Маш эерэг үүрэг гүйцэтгэсэн мөн үндэсний хэмжээний үйл хэрэг болсон боловч өнөөдөр юу ч биш болж хувирсан. Уур амьсгалын цогц арга хэмжээнүүд Европт Европыг захирагсдыг түгшээх хэмжээний томхон эсэргүүцлийг өдөөнө гэж би бодохгүй байна. Европын хувьд холбооны тогтолцоог бүрдүүлэх байдлаар үндэсний төрт улсуудын тогтолцоог задалж чадсан учир дээрх бүхэн хэрэгжих боломжгүй. Уур амьсгалын цогц арга хэмжээнүүд нь тухайлбал манай улс шиг улсад, тэр тусмаа яг манай улсад шар хантаазтнуудын хөдөлгөөн шиг эсэргүүцлийг өдөөх боломжгүй. Учир нь бид аль хэдийнээ буугаад өгчихсөн хэрэг.

 

Эх сурвалж: Радим Паненка,  Parlamentní listy

Орчуулсан Н.Хасар

СЭТГЭГДЭЛ БИЧИХ