Есдүгээр сарын нэгэнд хичээл эхлэх үү

Энэ асуултын хариулт тун бүрхэг байна. Салбарын сайд Л.Энх-Амгалан есдүгээр сарын нэгэнд хичээлийг танхимаар эхлүүлэхээр бэлтгэл ажлыг хангаж буй тухай ярьж буй. Харин нөгөө талд Эрүүл мэндийн сайд С.Энхболд коронавирусийн халдварын нөхцөл байдал улам хүндэрч болзошгүйг мэдээлж байна. Хүн амын дундаас дельта вирус илэрсэн түгшүүрт мэдээг дуулгалаа. Хүний биеийг богино хугацаанд хүндрүүлж, хурдан тархдаг гэх энэ вирус улам олон асуудал дагуулах нь мэдээж. Дельта вирус вакцины үйлчлэлийг ч бууруулдаг тухай Эрүүл мэндийн сайд ярьж байсан. Хэрвээ энэ вирусын тархалт идэвхжвэл хичээлийн шинэ жилийг хугацаанд нь эхлүүлэх тухай бодоод ч хэрэггүй биз.
Учир хүүхдүүдийн ихэнх нь вакцинд хамрагдаагүй. Өчигдрийн мэдээгээр 12-15 насны 37.413 /36.9%/, 16-17 насны 19.632 /57.9%/ хүүхэд вакцин хийлгэжээ. Манай улс нэг сая хүүхэдтэй. Дунд, ахлах ангийнхны хэсэг бүлэг нь вакцинд хамрагдсан ч бага ангийнханд огт хийгээгүй байгаа. Мөн цэцэрлэгийн насныхан ч вакцинд хамрагдаагүй. Тэгэхээр өндөр эрсдэлтэй маш том бүлэг бий гэсэн үг. Тэдэнд учрах эрсдэлийг тооцохгүйгээр хичээлийн шинэ жилийг танхимаар эхлүүлэх боломжгүй. Тэр тусмаа дэлхийн хүн амыг үхэлд хүргэж буй дельта вирус тархсан энэ нөхцөлд вакцингүй хүүхдүүдийг нэг сургууль, танхимд бөөгнөрүүлэх нь маш том эрсдэлийг дагуулна.
Тиймээс боловсролын салбарынхан цахим хичээлдээ илүү бэлтгэлтэй байх нь зөв болов уу. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд багш нар багагүй туршлага хуримтлуулсан нь мэдээж байх. Харин одоо илүү боловсронгуй, хүүхдэд үлдэцтэй, өгөөжтэй хийх хэрэгтэй байна. Зурагтаар өгдөг цахим хичээл ойлгомжгүй, хүртээмжгүй ор нэр төдий байсныг олон эцэг эх хэлнэ. Харин одоо арга барилаа өөрчилж, илүү боловсронгуй, үр өгөөжтэй болох шаардлага боловсролын салбарынханд тулгарч байна. Есдүгээр сарын нэгэнд танхимаар хичээллэнэ гэж хүлээхээс илүү цахим хичээлээ хөгжүүлэх нь бодит нөхцөл байдалд илүү нийцэх болов уу.
Хөдөө гуравдугаар ангид орсон ч үсгээ мэдэхгүй хүүхдүүд байна. Танхимаар хичээл ороогүй учраас хөдөө мал дээр гарчихсан. Малчин айл бүр зурагттай, антеннитай биш учраас телелвизийн хичээлийг үзэж чадаагүй. Энэ бол тэр хүүхдэд учруулсан маш том хохирол. Дээхнэ үед хүүхдүүд маш их сургууль завсарддаг, дөрөв эсвэл наймдугаар ангиа төгсөөд сургуулиас гардаг байлаа. Эцэг эхчүүд нь малаа маллуулах эсвэл хүүхэд сурлага муутай шалтгаанаар сургуулиас гардаг байв. Энэ байдал дахин давтагдаж болзошгүй нөхцөл байдал одоо үүсээд байна. Гуравдугаар ангидаа үсгээ сураагүй хүүхэд үеийнхнээсээ асар их хоцрогдолтой, хойно байх нь тодорхой. Энэ байдал хүүхдийг сургуульд, хичээлдээ дургүй болох үндэс суурь болно. Эцсийн үр дүн нь сургуулиас гарах ч болж магадгүй.
Өнгөрсөн зургадугаар сард боловсролын салбарын удирдлагууд цахим хичээл сайн явагдсан, амжилт олсон тухай ярьж байна лээ. Энэ бол бодит байдлаас хэтэрхий хол, өрөөсгөл дүгнэлт. Зурагтын хичээлийг нэг ч удаа хараагүй хүүхэд байхад ингэж дүгнэх боломжгүй. Хот суурин газрын хүүхдүүдийн нөхцөл байдлаар дүгнэлт хийх нь хүүхдүүдийг хохироож буй нэг хэлбэр. Тиймээс энэ жилээс теле, цахим хичээлээ илүү боловсронгуй, хүртээмжтэй болгох нь боловсролын салбарынхны чухал ажил. Есдүгээр сарын нэгэн ерөөсөө бидний баярын өдөр болохгүй байж ч магадгүй.
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ