Д.Манлайбаатар: Иргэний эрх чөлөөнд халдсан албан хаагчдыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн

Цагдаа нар иргэдийг зодож буй бичлэг цахим орчинд цацагдсантай холбоотойгоор Цагдаагийн ерөнхий газраас мэдээлэл хийлээ.
Цагдаагийн хурандаа Д.Манлайбаатар:
-Өчигдөр нийтийн цахим сүлжээнд цагдаагийн албан хаагч иргэний эрх чөлөөнд халдаж байгаа үйлдлийн нэг минутын бичлэг цацагдсан. Уг бичлэгтэй холбогдуулан цагдаагийн байгууллагын удирдлагаас хойшлуулшгүй арга хэмжээ авах үүрэг чиглэл өгч, шалгах ажиллагааг тодорхой хэмжээнд хийж гүйцэтгэлээ. Уг цахим хаягаар цацагдсан үйлдэл нь тогтоогдсон. Тодруулбал, 2019 оны хоёрдугаар сарын 25-ны өдөр цагдаагийн байгууллагад ЧД-ийн III хороо Улаанбаатар их дэлгүүрийн хойд талд байрлах баарнаас нэр бүхий иргэд төлбөр тооцоо хийхгүй маргаан үүсгээд байна гэсэн дуудлага ирсэн. Ингээд үүрэг гүйцэтгэж байсан цагдаагийн албан хаагчид очиж ажилласан. Ингэхдээ иргэний эрх чөлөөнд халдсан нь тогтоогдсон. Үүнтэй холбогдуулан шалгах ажиллагааг дотоод албаны хүрээнд хийж, гэмт хэргийн шинжтэй байна гэж үзэж, прокурорын байгууллагын хянан шалгах ажиллагааны харьяаллаар АТГ шилжүүлэх саналыг хүргүүлэхээр ажиллаж байна. Тухайн албан хаагчдыг үүрэгт ажлаас нь чөлөөлж, хариуцлагын арга хэмжээ авч байна.
Нийслэлийн цагдаагийн удирдах газрын дарга, цагдаагийн хурандаа Р.Отгонжаргал "Тухайн Асуудлыг нуун дарагдуулсан юм биш. Цагдаагийн байгууллагад бүртгэгдээгүй шалтгааныг шалгаж байгаа. Цагдаагийн алба хаагчид иргэний эрх чөлөөнд халдсан нь тогтоогдсон. Тухайн үед иргэн яагаад цагдаагийн байгууллагад гомдол гаргаагүй вэ гэдэгт шалгалт явуулж байгаа.
Хоёрдугаарт, цагдаагийн байгууллага гэмт хэргийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, илрүүлэх үндсэн чиг үүргээ иргэд олон нийтийн дэмжлэгтэйгээр явуулдаг. Тиймээс нийт иргэдээсээ цагдаагийн алба хаагчдын зохисгүй бөгөөд бусдын эрх чөлөөнд халдаж буй бичлэг тавигдсанд уучлалт гуйж байна. Тухайн хүмүүсээс ч мөн уучлалт гуйж байна" гэж мэдээллээ.
М.Насан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ