ХАМГИЙН ИХ ТӨСӨВ ЗАХИРАН ЗАРЦУУЛАХ 10 САЙД ХЭН БЭ?

img

 

Боловсрол, нийгмийн хамгаалал, санхүү, эрүүл мэндийн салбарын сайд нар төсвийн хамгийн том багцыг атгаж байна. Харин Зам, тээврийн сайдын төсөвт хөрөнгийн зардал урсгал зардлаасаа 45 дахин их байгаа нь анхаарал татав.

Монгол Улсын төсвийг тойрсон маргаан зөвхөн “хэдэн төгрөгийн төсөв баталсан бэ” гэдгээр дуусахгүй. Төсвийн ерөнхийлөн захирагч буюу салбарын сайд тус бүр хэдий хэмжээний мөнгийг ямар зориулалтаар зарцуулах эрхтэй болсон бэ гэдэг нь төсвийн бодит дүр зургийг харуулах чухал үзүүлэлт юм.

d.parliament.mn-дахь төсвийн мэдээллийг сайд нараар нь ангилан үзэхэд хамгийн их төсөвтэй эхний 10 сайдын мэдэлд 21.72 их наяд төгрөгийн зарлага төвлөрч байна. Энэ нь 2026 оны нэгдсэн төсвийн нийт зарлагын дээд хэмжээ болох 33.48 их наяд төгрөгийн ойролцоогоор 64.9 хувьтай тэнцэнэ. Өөрөөр хэлбэл, улсын төсвийн зарлагын бараг гуравны хоёр нь ердөө 10 төсвийн ерөнхийлөн захирагчийн эрхлэх хүрээнд төвлөрч байна гэсэн үг.

Хамгийн их төсөвтэй 10 сайд

Эрэмбэ

Сайд

Нийт төсөв

Урсгал зардал

Хөрөнгийн зардал

Нийт төсөвт эзлэх

1 хүнд ногдох

1

Боловсролын сайд

5.495 их наяд ₮

5.021 их наяд

473.8 тэрбум

16.4%

~1.49 сая ₮

2

Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд

4.910 их наяд ₮

4.873 их наяд

37.1 тэрбум

14.7%

~1.33 сая ₮

3

Сангийн сайд

4.251 их наяд ₮

2.578 их наяд

122.7 тэрбум*

12.7%

~1.15 сая ₮

4

Эрүүл мэндийн сайд

2.045 их наяд ₮

1.850 их наяд

194.6 тэрбум

6.1%

~556 мян. ₮

5

Хууль зүй, дотоод хэргийн сайд

1.507 их наяд ₮

1.435 их наяд

72.1 тэрбум

4.5%

~409 мян. ₮

6

Зам, тээврийн сайд

982.0 тэрбум ₮

21.2 тэрбум

960.9 тэрбум

2.9%

~267 мян. ₮

7

Батлан хамгаалахын сайд

766.3 тэрбум ₮

703.9 тэрбум

62.4 тэрбум

2.3%

~208 мян. ₮

8

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд

703.3 тэрбум ₮

628.8 тэрбум

74.5 тэрбум

2.1%

~191 мян. ₮

9

Эрчим хүчний сайд

604.7 тэрбум ₮

311.9 тэрбум

292.8 тэрбум

1.8%

~164 мян. ₮

10

Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд

456.8 тэрбум ₮

308.9 тэрбум

147.9 тэрбум

1.4%

~124 мян. ₮

Сангийн сайдын нийт төсөвт гадаад зээл, тусламжаар санхүүжих 1.55 их наяд төгрөгийн зардал тусдаа багтсан тул урсгал + хөрөнгийн зардлыг дангаар нэмэхэд нийт дүнтэй тэнцэхгүй.

1. Боловсролын сайд Л.Энх-Амгалан 5.5 их наяд төгрөг

Хамгийн том төсөв Боловсролын сайдын мэдэлд байна. Нийт 5.495 их наяд төгрөгийн төсөвтэй. Үүний 5.021 их наяд нь урсгал, 473.8 тэрбум нь хөрөнгийн зардал. Өөрөөр хэлбэл боловсролын салбарын төсөв бүхэлдээ улсын нэгдсэн төсвийн нийт зарлагын ойролцоогоор 16.4 хувийг эзэлж байна. Хүн амын тооцооллыг үндэслэвэл энэ нь Монгол Улсын нэг хүнд дунджаар 1.49 сая төгрөгийн төсөв ногдож буйтай дүйцнэ.

2. Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир 4.91 их наяд төгрөг

Хоёрдугаарт 4.910 их наяд төгрөгийн төсөвтэй Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбар орж байна. Эндээс хамгийн анхаарал татах зүйл нь урсгал зардлын хэмжээ байна. Нийт төсвийн 4.873 их наяд төгрөг буюу бараг бүхэлдээ урсгал зардал байна. Харин хөрөнгийн зардал ердөө 37.1 тэрбум төгрөг. Энэ нь тус салбарын төсөв барилга, тоног төхөөрөмж гэхээс илүүтэй нийгмийн хамгаалал, халамж, үйлчилгээ, тогтмол санхүүжилтийн шинжтэй болохыг харуулж байна

3. Сангийн сайд З.Мэндсайхан 4.25 их наяд төгрөг

Сангийн сайдын төсөв 4.251 их наяд төгрөг. Гэхдээ энэ тоог бусад салбарын төсөвтэй шууд адилтгах нь өрөөсгөл. Учир нь Сангийн сайдын багцад төрийн санхүүгийн томоохон урсгалууд, тэр дундаа зээлийн хүүгийн төлбөр болон гадаад зээл, тусламжаар санхүүжих зардал багтдаг. Тухайлбал, зээлийн хүүгийн төлбөрт 1.299 их наяд төгрөг тусгасан байна. Иймээс Сангийн сайдын 4.25 их наяд төгрөгийг “салбарын шууд үйлчилгээний зардал” гэж ойлгох боломжгүй.

4. Эрүүл мэндийн сайд Э.Батшугар 2.045 их наяд төгрөг

Эрүүл мэндийн сайд 2.045 их наяд төгрөгийн төсөвтэйгөөр дөрөвдүгээрт эрэмбэлэгдэж байна. Үүний 1.850 их наяд нь урсгал, 194.6 тэрбум нь хөрөнгийн зардал. Нэг хүнд шилжүүлэн тооцвол ойролцоогоор 556 мянган төгрөгийн төсөв эрүүл мэндийн салбарт ногдох хэмжээтэй байна. Энэ бол иргэдийн өдөр тутмын амьдралтай хамгийн шууд холбогдох томоохон төсвийн нэг.

5. Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайхан 1.507 их наяд төгрөг

ХЗДХ-ийн сайдын төсөв 1.507 их наяд төгрөг. Үүний 1.435 их наяд нь урсгал зардал, 72.1 тэрбум нь хөрөнгийн зардал. Өөрөөр хэлбэл энэ салбарын төсвийн дийлэнх нь цагдаа, улсын бүртгэл, хууль сахиулах болон холбогдох байгууллагуудын тогтмол үйл ажиллагааг санхүүжүүлэхэд чиглэж байна.

6. Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан 982 тэрбум төгрөг

Зам, тээврийн сайдын нийт төсөв 982.0 тэрбум төгрөг боловч үүний 960.9 тэрбум төгрөг нь хөрөнгийн зардал. Харин урсгал зардал нь ердөө 21.2 тэрбум төгрөг. Өөрөөр хэлбэл энэ салбарын төсвийн бараг бүхэлдээ хөрөнгө оруулалтын шинжтэй байна. Нийт төсвийн 97.8 орчим хувь нь хөрөнгийн зардал байгаа нь эхний 10 сайдын дундаас хамгийн өндөр харьцаа юм.

7. Батлан хамгаалахын сайд Д.Батлут 766.3 тэрбум төгрөг

Батлан хамгаалахын сайд 766.3 тэрбум төгрөгийн төсөвтэй. Үүний 703.9 тэрбум нь урсгал, 62.4 тэрбум нь хөрөнгийн зардал. Нэг хүнд хувааж үзвэл ойролцоогоор 208 мянган төгрөг болно.

8. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбат 703.3 тэрбум төгрөг

Энэ салбарын төсөв 703.3 тэрбум төгрөг. Үүнээс 628.8 тэрбум нь урсгал, 74.5 тэрбум нь хөрөнгийн зардал. Монголын хүнс, хөдөө аж ахуйн үйлдвэрлэл, мал аж ахуй, газар тариалан, хөнгөн үйлдвэрийн бодлоготой шууд холбогдох төсөв учраас энэ мөнгөний зарцуулалтын үр ашиг нь хүнсний үнэ, үйлдвэрлэлийн бүтээмж, импортын хамаарал зэрэг асуудалтай холбогдоно биз ээ.

9. Эрчим хүчний сайд Б.Найдалаа 604.7 тэрбум төгрөг

Эрчим хүчний салбарт 604.7 тэрбум төгрөг тусгажээ. Үүний 311.9 тэрбум нь урсгал, 292.8 тэрбум нь хөрөнгийн зардал байна.

10. Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ж.Алдаржавхлан 456.8 тэрбум төгрөг

Эхний 10-т 456.8 тэрбум төгрөгийн төсөвтэй Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд багтаж байна. Үүний 308.9 тэрбум нь урсгал, 147.9 тэрбум нь хөрөнгийн зардал. Нэг хүнд ногдохоор тооцвол ойролцоогоор 124 мянган төгрөг.

21.7 их наяд төгрөгийг юунд зарцуулах вэ?

Эхний 10 сайдын төсвийг нийлүүлбэл 21.72 их наяд төгрөг болж байна.

Үүнээс

  • Урсгал зардал — 17.73 их наяд төгрөг
  • Хөрөнгийн зардал — 2.44 их наяд төгрөг
  • Сангийн сайдын багц дахь гадаад зээл, тусламжаар санхүүжих 1.55 их наяд төгрөг тусдаа байна.

Тэгэхээр хамгийн том 10 төсвийн ерөнхийлөн захирагчийн багцад урсгал зардал давамгайлж байна гэсэн тооцоог эндээс харж болохоор байгаа юм.

Мэдээж бүх салбар ижил бүтэцтэй биш. Боловсрол, нийгмийн хамгаалал, эрүүл мэнд, хууль зүйн салбаруудын төсөвт урсгал зардал зонхилж байгаа бол Зам, тээвэр, Эрчим хүч зэрэг салбарт хөрөнгийн зардлын жин өндөр байна.

Нэг хүнд хэдэн төгрөг ногдож байна вэ?

2026 улсын төсвийн цар хүрээг харвал зөвхөн 10 сайдын 21,72 их наяд төгрөгийг 3,68 сая иргэнд хуваахад л нэг хүнд 5.9 сая төгрөг ногдож байх жишээний.

Төсвийн хамгийн том мөнгө хаана төвлөрөв?

Монголын төсвийн хамгийн том гурван “түрийвч” нь Боловсролд 5.5 их наяд ₮, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн салбарт 4.9 их наяд ₮, Сангийн салбарт 4.3 их наяд ₮ гээд энэ гурван салбарт 14.65 их наяд төгрөг болно.

Өөрөөр хэлбэл эхний 10 сайдын нийт төсвийн ойролцоогоор 67 хувь нь ердөө гурван төсвийн ерөнхийлөн захирагчийн багцад төвлөрч байна. Боловсролын төсөвт сургууль, боловсролын үйлчилгээ болон салбарын үйл ажиллагаа, нийгмийн хамгааллын төсөвт халамж, үйлчилгээ, харин Сангийн сайдын багцад улсын санхүүгийн төвлөрсөн томоохон төлбөрүүд, тэр дундаа өрийн үйлчилгээний зардал орж байна.

Төсөв цөөн хэдэн салбарт маш өндөр төвлөрчээ. Эхний 10 сайдын төсөв нийт улсын төсвийн зарлагын дээд хэмжээнд харьцуулахад ойролцоогоор 65 хувийг эзэлж байна. Их төсөв гэдэг нь заавал их хөрөнгө оруулалт гэсэн үг огт биш.

Жишээлбэл, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 4.91 их наяд төгрөгийн төсвийн бараг бүхэлдээ урсгал зардал байна. Харин Зам, тээврийн сайдын 982 тэрбум төгрөгийн төсвийн 961 тэрбум орчим нь хөрөнгийн зардал.

Иймээс зөвхөн нийт дүнгээр нь сайд нарыг харьцуулах бус, мөнгө нь урсгал зардалд уу, хөрөнгө оруулалтад уу гэдгийг давхар харах шаардлагатай бөгөөд энэ тоонууд дээр хэрсүү хандах ёстой. Тэгээд ч төсвийн үр дүнг мөнгөн дүнгээр биш, иргэдэд очих үр өгөөжөөр хэмжих асуудал хамгийн чухал. 5.5 их наядын боловсролын төсөв хэдэн хүүхдийн сургалтын орчныг сайжруулах вэ? 4.9 их наядын нийгмийн хамгааллын төсөв хэдэн өрхийн амьжиргаанд бодит дэмжлэг болох вэ? 982 тэрбумын замын хөрөнгө оруулалт хэдэн км зам, ямар чанартай бүтээн байгуулалт бий болгох вэ?

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ