Турк: Ойн түймэрт буруутай этгээдүүдийг олжээ

Өнгөрсөн долоо хоногийн эхнээс Туркийн ихээхэн нутаг дэвсгэрийг хамарсан ойн түймэр дэгдэж, тус улсад ноцтой хохирол учруулсан юм. Энэ түймэр зориудаар галдан шатааснаас үүдэлтэй байж болзошгүй гэсэн сэжиг таамаг байсан бөгөөд долдугаар сарын 31-ний өдөр нэг сэжигтнийг баривчилж байв.
"Миласт нэг хүнийг саатуулсан. Энэ нь үнэхээр хорлон сүйтгэх ажиллагаа мөн бол буруутай этгээдүүдийг олж шийтгэх нь бидний үүрэг" хэмээн Эрдоган мэдэгдэж байлаа.
Туркийн аялал жуулчлалын бүсийг бүхэлд нь хамарсан энэ ойн түймрийг алан хядагчид зориуд тавьсан гэсэн сэжиг байсан бөгөөд үүнд "Галын хүүхдүүд" бүлэглэлийг буруутгаж байсан юм.
Улмаар, Турк улсад хориотой Курдистаны ажилчны намтай холбоотой "Галын хүүхдүүд" бүлэглэл их хэмжээний ойг галдан шатаасны хариуцлагыг өөр дээрээ авсан гэж Туркийн төрийн хэвлэл болох Yeni Safak сонин мэдээлжээ. Курдистаны ажилчны намтай холбоотой олон нийтийн сүлжээн дэх мэдээллийг дээрх сонин эх сурвалжаа болгосон байна.
Сүүлийн үеийн мэдээллээр, Турк улсад гарсан ойн түймрийн улмаас найман хүн амиа алдаж, 864 хүн гэмтэж бэртсэн байна. Сүүлийн өдрүүдэд 107 ойн түймрийг унтраасан бол өөр таван түймэр Анталья болон Мугла гэх аялал амралтын бүсэд асаж байгаа гэнэ.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ