Есөн настай охин их сургуулийн шалгалтыг давжээ 

img

Оросын нийслэл Москва хотод амьдрах, есөн настай Алиса Теплякова охин улсын ерөнхий шалгалтыг орос хэл, математик, биологи, мэдээлэлзүй гэсэн дөрвөн хичээлээр амжилттай давсны дээр биологийн хичээлээр их сургуулийн нэмэлт шалгалтыг амжилттай өгсөн талаар Российская газета мэдээлжээ. Ингэснээр тэрбээр Оросын хамгийн залуу оюутан болох юм. Алиса саяхан есөн нас хүрсэн бөгөөд найман настайдаа 11 дүгээр ангийн боловсролын гэрчилгээ гарджээ. 


“Манай охин ердөө дөрвөн настайдаа л сайн уншиж, бичиж, тоолж чаддаг байсан. Харин таван настайдаа тавдугаар ангийн боловсролын хөтөлбөрийг мэддэг байлаа” гэж Алисагийн аав, өнөр гэр бүлийн өрхийн тэргүүн Евгений ярьжээ. 


Алисагийн аав гурван дээд сургууль төгссөн, тэр дундаа сэтгэл судлалын дээд боловсролтой нэгэн аж. Тиймдээ ч Алиса аавынхаа мэргэжлийг өвлөн, Москвагийн их сургуульд сэтгэл судлалын чиглэлээр суралцах хүсэлтэй байгаа гэнэ. 


Евгенийгийн өгүүлснээр, Алиса есдүгээр сарын нэгний ёслолын ажиллагаанд хэзээ ч очиж байгаагүй аж. 


“Москвагийн сургуульд нэгдүгээр ангид ороогүй, учир нь таван настайдаа л дунд сургуулийн түвшний мэдлэгтэй байсан. Харин шууд 8-9 дүгээр ангид орохыг хэн ч зөвшөөрөөгүй, 10-11 дүгээр ангид ч тийм л юм болсон. Одоо ч адил, бид нэгдүгээр курсын оюутнуудын ёслолын цуглаанд очихгүй байх. Мэдээж Алисаг элсүүлвэл эхний хичээл дээр заавал сууна. Мэдлэг бол эрх чөлөө, хүүхдээ эрх чөлөөтэй болох замыг бид хязгаарлахгүй” хэмээн Алисагийн аав ярьжээ. 

 


Москвагийн их сургуулийн төлөөлөгчдийн мэдээлснээр, тус сургуульд 14-15 насны авьяаслаг хүүхдүүд нэг бус удаа элсэж байсан гэнэ. Алиса охин энэ сургуульд элсэн суралцахаар болвол түүнд суралцахад нь туслах сэтгэл судлаач багш нар хэрэгтэй болох бөгөөд учир нь тусгайлсан хөтөлбөрөөр биш бусад суралцагчдын адил хөтөлбөрөөр хичээллэх тул бага насны хүүхдийн сэтгэлзүйг бэлдэх ёстой гэж мэргэжилтнүүд үзэж байгаа аж. 


Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ