Р.Энхтуяа: Франц дахь монголчууддаа “Гарын бэлэг” аяныг үргэлжлүүлэхийг уриалж байна

“Токио 2020” олимпын наадам үргэлжилж байна. Цар тахлын энэ үед зохион байгуулагдаж буй олимпын наадамд оролцож буй тамирчид халдвар хамгааллын дэглэмийг чанд баримталж, тамирчдын хотхоноос гадагш гарахгүй байгаа. Тиймээс Япон улсад ажиллаж, амьдардаг Монголчууд хандив цуглуулж олимпод оролцсон тамирчдадаа дурсгалын бэлэг гардуулж байгаа талаар мэдээлэл цахим орчинд цацагдсан. Тиймээс “Гарын бэлэг” хандивын аяныг санаачлагч Р.Энхтуяатай ярилцлаа.
Сайн байна уу? Уншигчдад маань өөрийгөө танилцуулахгүй юу?
-Сайн байцгаана уу? Та бүхэндээ энэ өдрийн мэнд хүргэе. Намайг Ренчиндоржийн Энхтуяа гэдэг. Би Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын уугуул иргэн. Япон улсад 27 жилийн хугацаанд сурч, ажиллаж, амьдарч байна.
“Токио 2020” олимпын наадамд Монгол Улсаа төлөөлөн оролцож буй тамирчдадаа дэмжих, хүндэтгэл үзүүлэх “Гарын бэлэг” 2.020 иен аяныг зохион байгуулах санаа юунаас үүдэв?
-“Токио-2020” олимпын наадам коронавирус цар тахлын хүнд хэцүү энэ үед зохион байгуулагдаж байна. Япон улс энэ цагт олимпын наадмыг зохион байгуулахын тулд хичээж ажилласан. “Токио 2020” олимпын наадмын эхний өдөр МУГТ М.Уранцэцэг хүрэл медаль хүртсэн. Энэ үйл явдалд монголчууд бид маш их баярлаж, бахархсан. Эх орноо төлөөлж олимпын наадамд оролцож байгаа тамирчдадаа талархлаа илэрхийлж, урам өгөхийг хүсэж “Гарын бэлэг” аяныг санаачилсан.
Мөн олимпын наадамд оролцож буй тамирчид хотхонд байрлаж, халдвар хамгааллын дэглэмийг баримталж, гадагш гарахгүй байгаа. Тиймээс монгол тамирчдаа япон улсаас буцахад нь гарын бэлэгтэй буцаахыг хүссэн юм.
“Гарын бэлэг” аяныг долдугаар сарын 27-ноос наймдугаар сарын 06-ны хооронд зохион байгуулахаар төлөвлөсөн байсан. Гэтэл монгол улсаас олимпын наадамд оролцсон тамирчдын эхний ээлж нь наймдугаар сарын 04-нд нутаг буцах болсон. Тиймээс “Гарын бэлэг” аяныг наймдугаар сарын 02 хүртэлх хугацаанд зохион байгуулахаар болсон юм. Ингээд хандивын аяныг амжилттай зохион байгуулж дууслаа.
“Гарын бэлэг” 2.020 иен аяныг зохион байгуулсан баг хамт олноо танилцуулбал?
-Хамтран зохион байгуулсан бүх хүнд баярлалаа. Г.Бямбасүрэн, Ч.Саранчимэг, М.Цэцэгбадам, Т.Үүрцайх, Н.Эрдэнэ-Очир, Л.Хишигсүрэн, М.Алтанцэцэг, Япон дахь Монгол иргэдийн холбооны мэдээллийн нэвтрүүлгийн нэвтрүүлэгч, Япон дахь Монгол оюутны холбооны дарга Г.Нарангоо нар хамтран зохион байгуулсан.
Өнөөдрийн байдлаар “Гарын бэлэг” аянд нийт хэдэн хүн хандив өргөөд байна вэ?
-“Гарын бэлэг” аянд Япон улсад ажиллаж, амьдардаг нийт 110 монгол хүн нэгдэж, хандив өргөсөн. Ингээд “Гарын бэлэг” аяны хүрээнд хандиваар 300 мянган иен цугларсан. Аяны хүрээнд 43 тамирчин, 5 олон улсын шүүгч, 9 пара -олимпын тамирчин нийт 57 хүнд бэлэг бэлдэх төлөвлөгөөтэй байсан. Аяны хүрээнд хандив сайн цугларсан учир тамирчдыг маань амжилт гаргахад хамгийн чухал үүрэг гүйцэтгэдэг дасгалжуулагчдад бэлэг бэлдэж чадлаа. Ингээд нийт “Гарын бэлэг” аяны хүрээнд 77 бэлэг бэлдсэн. Үүнээс эхний ээлжийн тамирчин дасгалжуулагч нийт 45 хүнд гарын бэлгээ гардуулсан.
Уншигчдад маань сонирхолтой байгаа байх. Нууц биш бол “Токио 2020” гарын бэлэгний багцанд ямар зүйлс багтсан бол?
-Тиймээ, сонирхолтой байгаа байх. Нууц биш. “Токио 2020” гарын бэлэгний багцанд Япон улсыг илэрхийлэх зүйлсийг багтаахыг хичээсэн. Японы уламжлалт “Саке” архины хундага, ваар, халуун, хүйтэн усны сав, Япон дахь монголчуудаас гэсэн сэтгэлийн үгтэй ил захидал багтаж байгаа.
Монгол тамирчдаа нутаг руу гаргаж өгөөд, бэлдсэн бэлгээ гардуулж өгөхөд маш их баяртай байсан. “Гарын бэлэг” аяныг зохион байгуулахад олон хүн оролцож, тусалж дэмжсэн. Халдвар хамгааллын дэглэм баримтлах ёстой учраас бидний хэдэн нөхдийн төлөөлөл “Нарита” нисэх буудал дээр очсон. Монгол тамирчдаасаа эрч хүч, урам зориг авсан. Япон улсаас дараагийн ээлжийн тамирчид маань энэ сарын 11-нд эх орон руугаа буцна. Тухайн өдөр бид “Нарита” нисэх онгоцны буудлаас үдэж өгнө.
“Токио 2020” олимпын наадам амжилттай зохион байгуулагдаж байна. Япон улсад халдварын нөхцөл байдал ямар байна вэ?
-“Токио 2020” олимпын наадам эхлэхээс өмнө өдөрт 400-500 хүн тохиолдол бүртгэгддэг байсан. Харин олимп эхэлснээс хойш халдварын нөхцөл байдал хүндэрч байна. Өдөрт 1000-аас олон тохиолдол бүртгэгдэж байгаа. Гэхдээ олимпын тамирчдын хотхонд халдвар хамгааллын дэглэмээ чанд баримталж байна.
Та эх орондоо ирэлгүй удсан юм байна. Ойрын хугацаанд эх орондоо ирэх төлөвлөгөө бий юу?
-Эх орондоо очих бэлтгэлээ базааж байна. Төлөвлөгөөний дагуу хоёр жилийн дараагаас эх орондоо, төрсөн нутаг Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумандаа очиж амьдарна.
Бидний ярилцлага дуусаж байна. Ярилцлагынхаа төгсгөлд уншигчдадаа хандаж юу гэж хэлэх вэ?
-Юуны өмнө Япон улсад суугаа монголчууддаа талархаж байна. Дараагийн зуны олимп Франц улсын Парис хотод зохион байгуулагдана. Франц улсад суугаа монголчууддаа “Гарын бэлэг” аяны буухиаг үргэлжлүүлэхийг уриалж байна. Мөн дэлхий даяар оршин суугаа монголчууддаа баярлалаа. Монгол тамирчдадаа дэмжихийг уриалж байна.
-Ярилцсанд баярлалаа. Амжилт хүсье.
Г.Мичидмаа
СЭТГЭГДЭЛ БИЧИХ