Месси Барселонаг орхив

img

Хөлбөмбөгийн довтлогч Лионель Месси "Барселона"-тай шинэ гэрээ байгуулаагүй гэж тус клубын сайт дээр мэдээлжээ. 

 

Талууд шинэ гэрээтэй холбоотойгоор зөвшилцөлд хүрсэн ч эдийн засгийн болоод бүтцийн саад бэрхшээлүүд улмаас (Ла Лигийн дүрмээс шалтгаалж) гэрээ байгуулж чадаагүй гэнэ. Тиймээс Месси "Барселона"-г орхихоор болжээ.

 

"Тоглогч болон клубийн хүсэл зорилго эцсийн дүнд биелэгдэх боломжгүй гэдэгт хоёр тал гүнээ харамсаж байгаа" хэмээн клубын мэдээлэлд өгүүлсэн байна. "Барселона" клубын хөгжилд оруулсан хувь нэмрийнх нь төлөө Мессид талархал илэрхийлэн хувийн болон спортын амьдралд нь хамгийн сайн сайхныг хүсчээ.

 

Өдгөө 34 настай хөлбөмбөгчин Мессигийн "Барселона"-тай хийсэн гэрээ зургадугаар сарын 30-ны өдөр дууссан юм. Ингээд Месси чөлөөт агент статустай болсон бөгөөд тэрбээр Каталоны клубтэй дахин таван жилийн хугацаатайгаар гэрээгээ сунгахаар төлөвлөж байна гэж хэвлэлүүд мэдээлж байлаа.

Месси 2004 онд "Барселона"-ийн анхны багийн бүрэлдэхүүнд орж тоглож эхэлснээс хойш тус клубийн орлуулашгүй тоглогч болсон юм. Клубийнхэнтэйгээ хамт Месси Испанийн аварга шалгаруулах тэмцээнд 10 удаа, Испанийн цомд долоон удаа, Аваргуудын лигт дөрвөн удаа аварга болж байв. Месси зургаан удаа "Алтан бөмбөг" хүртсэнээрээ дээд амжилт тогтоосон юм.

 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ