Италийн мафийн толгойлогч баривчлагдаж, асар том сүлжээ задрав

Европ руу кокаин нийлүүлдэг гол нийлүүлэгчид тооцогдох Италийн "Ндрангета" мафийн толгойлогч Доменико Павильятини Испанид баривчлагджээ. ВВС агентлагийн мэдээлснээр, тэрбээр хоёр жил зугтаж, нуугдаж амьдарсаны эцэст ийнхүү баривчлагдсан байна. Доменико Павильятиниг Мадридын гудамжнаас баривчилсан гэж Итали, Испанийн хууль сахиулах байгууллага мэдэгджээ.
"Ндрангета" нь Италийн хамгийн өмнөд зүгт байх Калабрид байрладаг ч Италийн хил хязгаараас давж үйл ажиллагаа явуулдаг мафи юм. Чухамхүү энэ гэмт хэргийн бүлэглэлт кокаины ихэнх хэсгийг Европ руу зөөдөг бөгөөд жил бүрийн орлого нь 50 тэрбум еврогоор хэмжигддэг байна.
Өдгөө 60 настай Доменико Павильятиниг "Ндрангета" мафийн бүхий л шатлалын "боссуудын босс" хэмээн нэрлэдэг гэнэ.
Түүнийг Итали, Испанийн мөрдөгчдийн хамтарсан ажиллагааны дүнд баривчилжээ. Павильятиниг баривчлах үед тэрбээр зургаан гар утас, 6000 евро бэлнээр, Португалийн хуурамч бичиг баримттай явж байсан гэнэ.
Мафийн толгойлогчийг 1980-аад он болон 1990-ээд онд үйлдсэн гэмт хэргүүдийнх нь төлөө эрэн сурвалжилж байсан бөгөөд анх 1996 онд Испанид баривчлагдаж байжээ. Гурван жилийн дараа түүнийг Итали руу шилжүүлж, тэнд бүх насаар нь хорих ял оноосон ч 2019 онд Доменикогийн өмгөөлөгчид шүүхийн материалаас алдаа илрүүлэн, хэргийг дахин хэлэлцэхээр болсон байна. Ингээд "боссуудын босс"-ыг шоронгоос суллахад тэрбээр Испани руу зугтжээ.
Харин энэ оны нэгдүгээр сард Италийн шүүх түүнд эчнээ ял оноож, хүн амины хэрэг, хар тамхи бөөнөөр зарсан зэрэг олон гэмт хэргийнх нь төлөө 11 жилийн хорих ялаар шийтгэсэн байна.
"Ндрангета" шүүхийн өмнө зогссон нь
Ийнхүү "боссуудын босс" баривчлагдсанаар "Ндрангета" мафи хуулийн хариуцлага хүлээх явц шувтрах тийшээгээ хандаж байна. Өмнө нь, энэ мафийн бусад гишүүд энэ оны эхээр хуулийн хариуцлагад татагдаж эхэлсэн юм.
Тодруулбал, "Ндрангета" мафийн 355 гишүүн, тэдэнтэй холбоотой авлига авсан албан тушаалтнууд, бизнесмен, хуульчид 2021 оны нэгдүгээр сард Италийн шүүхийн өмнө зогссон. Тэднийг 1990-2019 оны хооронд хүн амины хэрэг, хар тамхины наймаа, дарамт шахалт, мөнгө угаах, авлига өгсөн, авсан, албан тушаалаа урвуулан ашигласан гэсэн олон гэмт хэрэгт буруутгасан юм.
Тэднээс гадна, өөр 92 хүнийг буруутайд тооцон, хялбаршуулсан байдлаар шүүсэн байна. Тэдний дунд, Сильвио Берлусконигийн "Урагшаа, Итали!" намаас нэр дэвшин сенатчаар ажиллаж байсан, өмгөөлөгч Жанкарло Пителли багтаж байгаа гэнэ.
Ндрангетаг шүүх хурал нь сүүлийн 30 жилд тохиож байгаагүй хамгийн нүсэр, өргөн цар хүрээтэй шүүх ажиллагаа болсон юм. Хамгийн сүүлд, 1986-1987 онуудад ийм хэмжээний шүүх хурал Италид болж, "Коза Ностра"ийн 338 гишүүнд ял тулгаснаар дууссан бөгөөд үүний дараа энэ хэрэг дээр ажилласан прокурорууд мафийнхний өс хонзонгийн золиос болжээ.
"Ндрангета"-ийн зохион байгуулалт
Италийн хамгийн өмнөд хэсэгт байх Калабрияд үйл ажиллагаа явуулдаг энэ мафи "Коза Ностра", "Каморра" мафиудын хажууд нэр нь төдийлөн түгээгүй ч тэдгээрээс үйл ажиллагаагаараа дутахгүй гэж шинжээчид үздэг. Энэ мафи Италийн хил хязгаарыг давсан холбоо сүлбээгээрээ дамжуулан Европ руу орох нийт кокаины ихэнх хэсгийг зөөж, жилдээ 50 тэрбум евро олдог гэнэ.
Хар тамхины наймааны зэрэгцээ өнгөрсөн зуунаас эхлээд л энэ мафийн гол үйл ажиллагааны нэг нь мөнгө хүүлэх байжээ. Тэд олсон мөнгөө бусдын нэр, компаниар дамжуулан хууль ёсны бизнест хөрөнгө оруулж, мөнгө угаадаг аж.
Эрх баригчдын үзэж байгаагаар, "Ндрангета" Калабриягийн эрүүл мэнд, оршуулгын ажил зэрэг амьдралын бүхий л салбарыг их бага хэмжээгээр хяналтдаа оруулж, орон нутгийн шүүхийн систем, захиргааны байгууллагуудыг хахуулдсан байдаг гэнэ.
"Ндрангета" нь 150 "гэр бүл"-ээс бүрдэх бөгөөд эдгээрт 6000 гаруй "бригадын ахлагч", энгийн дайчид захирагддаг аж. Итали дахь холбоотнууд болон "Ндрангета"-ийн үйл ажиллагаанд аливаа байдлаар татагдан оролцсон хүмүүсийг тооцвол ойролцоогоор 20 мянга гаруй хүн энэ мафитай холбоотой гэнэ.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ