Албан ёсны криптовалюттай дэлхийн анхны хот тодров

Америкийн Майами хот дэлхийн анхны албан ёсны хотын валют гаргажээ. Энэ валютыг MiamiCoin гэх бөгөөд энэ валют хотын орлогыг нэмнэ гэж орон нутгийн эрх баригчид тооцоолж байгаа гэнэ.
MiamiCoin нь цахим валютыг "шүтдэг" хотын дарга Фрэнсис Суарезын төсөл юм. Суарез хотын захиргааны ажилтнуудын цалинг ч цахим валютаар төлөхөд бэлэн байсан гэнэ.
"Өөрийн гэсэн криптовалютын тусламжтайгаар Майами олон сая доллар олно. Өнөөдөр бид дэлхийн биткоин-нийслэл боллоо!" хэмээн Суарез мэдэгджээ.
MiamiCoin нь биткоин болон бусад цахим валютаас төдийлөн ялгарахгүй. Хүчин чадал сайтай компьютертэй хүн энэ валютыг олборлож, дараа нь крипто бирж дээр арилжаалах аж. Олборлосон "зоос" тус бүрээс 30 хувь нь хотын төсөвт орох нь хотод ашигтай гэж үзэж байгаа аж.
Ийнхүү цугласан мөнгө зам барих, цэцэрлэгт хүрээлэн, нутаг дэвсгэрийн тохижилтод зарцуулагдана гэж хотын дарга мэдэгджээ. Ингэснээр хүссэн хүн бүр Майамигийн хөгжилд хөрөнгө оруулж болно гэж хотын мэдээллийн технологийн захирал Майкл Сарасти өгүүлсэн байна.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ