Олимпын медалийн түүх, жаяг: Эзнээс нь өөр хэн ч медалийг зүүж болохгүй

img

 

Цар тахлын улмаас нэг жил хойшлогдсон Токио-2020 зуны олимпын наадам 2021 оны долдугаар сарын 23-ны өдөр эхэлсэн. Энэ наадамд манай улсын шигшээ баг амжилттай оролцож, хоёр хүрэл, нэг мөнгөн медалийг эх орондоо авчраад байгаа юм. 

 

Олимпын наадмын ялагчдыг шагнах уламжлал эрт цагаас улбаатай. Эртний Грект олимп зохион байгуулагддаг байхад ялагчдад чидун жимсний модны мөчир гардуулдаг байжээ. Яваандаа энэ мөчрийг медаль орлох болжээ. 

 

Орчин цагийн олимпын наадмын медаль

Парис хотноо 1894 онд болсон Олимпын анхдугаар конгресс дээр наадмыг дахин сэргээх шийдвэр гарсны дараагаар шагнал болгон медаль ашиглаж эхэлсэн юм. Нэгн, хоёр, гуравдугаар байранд орсон тамирчдад гардуулах алт, мөнгө хүрэл медалиас медалийн багц бүрдэнэ. 

 

Медалийн нэр түүнийг бүтээхэд багтсан химийн найрлагатай заавал нийцэх албагүй. Тухайлбал алтан медалийг мөнгөөр хийж, алтаддаг аж. Олимпын наадмын түүхэнд цэвэр алтаар цутгасан медаль гардуулсан цорын ганц тохиолдол нь 1908 оны Лондонгийн олимп юм. Гэхдээ энэ медаль тун жижиг, 3,3 см диаметртэй, 21 грамм жинтэй байжээ. 

 

Медалийн хэмжээ ба жин

Медалийн хэмжээ, жинг ягштал тогтоосон журам байхгүй, гэхдээ хэлбэр загварыг нь Олон улсын олимпын хороогоор урьдчилан батлуулах ёстой. Хамгийн том диаметртэй медаль Турин -2006 олимпынх, 107 мм, хамгийн хүнд медаль Пёнчань-2018 олимпынх бөгөөд 586 грамм жинтэй байв.

 

Медалийн хэлбэр 

Сараевогийн олимпын медаль

Олимпын наадмын медалиуд ихэвчлэн зөв дугуй хэлбэртэй байдаг. Гэхдээ 1900 онд Парисын олимпын наадмаар дөрвөлжин медаль, 1984 оны Сараевогийн өвлийн олимпын наадмаар тэгш бус хэлбэртэй суурин дээр байрлуулсан медаль гардуулж байв. Харин 2002 оны Солт-Лейкийн өвлийн олимпоор чөлөөт хэлбэртэй олон өнцөгт, 2010 оны Ванкуверийн өвлийн олимпоор долгиолсон гадаргуутай, зөв бус хэлбэртэй дугуй медаль гардуулж байлаа.

 

Медалийн төрх 

Токио-2020 олимпын медаль​​​​​​

Медаль дээрх дүрслэл олонтаа өөрчлөгдөж байв. Эртний Грекийн Зевс, Ника бурхдын дүрс, чидун жимс болон далдуу модны мөчир дүрслэгддэг байв. 2004 оноос эхлэн зуны олимпын наадмын медалийн нүүрэн талд 1896 онд орчин цагийн анхны олимп явагдаж байсан "Панатинаикос" цэнгэлдэх хүрээлэн, Афины Акрополийн дүрсний суурин дээр Ника бурхныг дүрслэх болжээ. Түүнчлэн Олимпын наадмын дугаар, он, олимп зохиогдсон хотын нэр бичээтэй байна. Харин медалийн ар тал байнга өөрчлөгддөг аж. 

 

Медальтай харьцах журам

 

Олон улсын олимпын хорооны дүрмээр, медалийг гагцхүү шагнуулсан хүн л зүүх эрхтэй. Протколын дагуу бусад хүмүүс медалийг зүүх, түүнчлэн наадмын шагналын эзнийг дүрслэн цээжин тус газраа барихыг хориглодог аж.

 

Олимпын наадмын шагналтан болсон ч допинг хэрэглэсний улмаас шагналаа алдсан тамирчин медалиа улсынхаа олимпын хороонд хүлээлгэн өгөх ёстой. Үүний дараа медалийг Олон улсын олимпын хороонд шилжүүлдэг аж. Медаль авсан тамирчин медалиа хураалгасны дараа түүний дараагийн байранд бичигдэж байсан тамирчин Олимпын шагналтан болохоор бол түүнд шинэ медаль олгодог юм байна.

 

Дурсгалын медалиуд

Сочигийн Олимпын дурсгалын медаль

Шагналын медалиас гадна дурсгалын медалиуд гэж бий. Ийм медалийг наадмын оролцогчид, шүүгч, албаны этгээдүүдэд өгөх бөгөөд тухайн олимпод зориулан тусгайлан бэлддэг. 

 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
Японы иргэн Монгол улсын иргэн талийгаачийн медалийг зүүчихээд зурагтаар гараад ярилцлага өгөөд байсан шүү.
2021-08-08