Токио-2020: 206 орны 86 нь медальтай, япончуудын эсэргүүцэлтэйгээр олимп өндөрлөв

Зуны олимпын наадмын хаалтын ёслол Токио хотын Үндэсний цэнгэлдэх хүрээлэнд наймдугаар сарын наймны өдөр боллоо. Коронавирусийн цар тахлын улмаас нэг жилээр хойшлон зохион байгуулагдсан олимпын хаалт мөн л энэ тахлын улмаас үзэгчгүй болсон юм.
2021 оны долдугаар сарын 23-наас наймдугаар сарын наймны хооронд зохион байгуулагдсан XXXII Зуны олимпын наадам Токио хотод зохион байгуулагдаж, 206 орны шигшээ багийн 12500 тамирчин оролцож, спортын 42 төрлөөр хурд, хүч, авхаалж самбаагаа сорилоо. Тэд нийт 339 багц медалийн төлөө өрсөлдсөн юм.
Медалийн тоогоор АНУ-ын шигшээ баг 39 алт, 41 мөнгө, 33 хүрэл гээд нийт 113 медальтайгаар 206 орныг тэргүүлсэн бол үүний араас Хятад улсын шигшээ баг 38 алт, 32 мөнгө, 18 хүрэл, нийт 88 медальтайгаар хоёрдугаарт, эх орондоо олимпыг зохион байгуулсан Японы шигшээ баг 27 алт, 14 мөнгө, 17 хүрэл гээд нийт 58 медальтайгаар гуравдугаар байранд бичигджээ.
Харин манай улс нэг мөнгө, гурван хүрэл медальтайгаар 206 орноос 71 дүгээр байранд бичигдсэн байна.
Токио-2020 олимпын наадамд оролцсон 206 орноос 86 нь медаль хүртсэн бол 120 нь нэг ч медальгүйгээр наадмыг өндөрлүүллээ.
Олимпын хаалтын ёслолын төгсгөлд Олон Улсын олимпын хорооны тэргүүн Томас Бах 2024 оны олимпыг зохион байгуулах Парис хотын дарга Анн Идальгод Олимпын далбааг шилжүүлэн өгсөн юм. Ердөө гурван жилийн дараа, 2024 оны долдугаар сарын 26-наас наймдугаар сарын 11-ний хооронд Парис хотноо Зуны олимп болно.
"XXXII Зуны олимп өндөрлөснийг зарлаж байна. Дэлхийн өнцөг булан бүрийн залуус гурван жилийн дараа Парист уулзахыг уриалж байна" хэмээн Томас Бах мэдэгджээ.
Үүний дараа Наадам өндөрлөснийг зарлаад, Токио-2020 олимпын бамбарыг унтраасан юм.
Олимпыг эсэргүүцэгчид жагсав
Хаалтын ёслол болохоос өмнө Олимп болон Паралимпийг Токио хотноо зохион байгуулахыг эсэргүүцэгчид цэнгэлдэх хүрээлэнгийн гадаа цуглан, "Олимп ядуусыг хөнөөж байна!", "Олимпыг зогсоо!" гэсэн бичигтэй хуудас барин эсэргүүцжээ.
ТАСС агентлагийн мэдээлснээр, зурагт хуудас, далбаа барьсан хүмүүс үндэсний цэнгэлдэх хүрээлэнгээс 200 метр орчим зайд цуглан эсэргүүцлээ илэрхийлсэн байна.
Тэд наймдугаар сарын 24-нөөс есдүгээр сарын тавны хооронд болох Паралимпийн наадмыг зохион байгуулахаас татгалзахыг орон нутгийн эрх баригчдад уриалжээ. Тэд коронавирусийн шинэ давалгаа тархаж, Токио хотод тахлын нөхцөл байдал хүндэрсэн тул дараагийн наадмыг зохион байгуулахыг эсэргүүцсэн байна.
Сүүлийн өдрүүдэд Япон даяар, тэр дундаа Токио хотод халдварын шинэ тохиолдлууд нэмэгдэх болсон юм. Гэхдээ халдвар нэмэгдэх болсон нь Олимп зохион байгуулсантай холбоогүй, харин дельта штамм эрчимтэй тархаж байгаатай холбоотой гэж орон нутгийн эрх баригчид онцолдог. Сүүлийн хоёр долоо хоногийн туршид Олимпыг эсэргүүцэгчид тогтмол эсэргүүцлийн арга хэмжээ зохион байгуулж байгаа талаар эх сурвалжууд мэдээлжээ.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ