Нагасаки хотын дарга ОХУ, АНУ-ыг цөмийн нөөцөө бууруулахыг уриалав

Өнөөдөр, наймдугаар сарын есний өдрийн 11:02 цагт Японы Нагасаки хотноо цөмийн бөмбөгдөлтийн хохирогчдын дурсгалыг хүндэтгэн, нэг минут дуугаа хураасан юм. Үүний дараа гашуудан дурсах арга хэмжээний нээлт болж Нагасаки хотын дарга болон Японы Ерөнхий сайд Ёсихидэ Суга нар үг хэлсэн байна.
"Цөмийн зэвсэгтэй улс орнуудын тэргүүнүүдэд би хандаж байна. Цөмийн зэвсэгтэй байх нь дэлхий дахинд хурцадмал байдал үүсгэдэг гэдгийг хүлээн зөвшөөрөх ёстой. Цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх гэрээний оролцогчдын дараагийн хурал дээр цөмийн зэвсэггүй болох явцыг урагшлуулахын тулд би нэн тэргүүнд Орос болон АНУ-д хандан энэ төрлийн зэвсгийн нөөцөө цаашид бууруулах арга хэмжээ авахыг уриалж байна" хэмээн Нагасаки хотын дарга мэдэгджээ.
Түүний араас Японы Ерөнхий сайд Ёсихидэ Суга мэдэгдэл хийсэн бөгөөд тэрбээр цөмийн зэвсгээс татгалзахын тулд олон улсын хамтын ажиллагааг хөгжүүлэхэд Токио цаашид ч хүчин чармайлт гаргана хэмээн онцолжээ. Японы Ерөнхий сайдын өгүүлснээр, Цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх гэрээний оролцогчдын дараагийн өргөтгөсөн хурал дээр үр дүнд хүрэхийн тулд хамтран ажиллах боломжийг бүхий л улс орнуудад олгох тодорхой арга хэмжээнүүдийг Япон улс боловсруулж байгаа аж.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ