ОХУ бензиний экспортоо хориглохгүй

img

Наймдугаар сарын есний өдөр ОХУ-ын шадар сайд Александр Новак тус улсын газрын тосны компаниудын төлөөлөгчидтэй зөвлөгөөн хийжээ. Энэ үеэр автомашины түлшний биржийн үнийг тогтворжуулах үүднээс бензиний экспортод хориг тавих эсэх асуудлыг хэлэлцсэн байна. Гэхдээ одоогоор ийм хатуу арга хэмжээ авах шаардлагагүй гэж Оросын Засгийн газар үзжээ. 

 

"Хатуу шийдвэр гараагүй. Нийлүүлэлтийг нэмэгдүүлэх, тогтмол, жигд хангамжийг бий болгох зөвлөмж гарсан" хэмээн зөвлөгөөнд оролцсон эх сурвалж ТАСС агентлагт мэдээлсэн байна. 

 

Эх сурвалжийн өгүүлснээр, түлшний үнийг царцаахтай холбоотой шийдвэр ч мөн гараагүй гэнэ. Харин бирж дээрх бензин худалдааны хэмжээг нэмэгдүүлэх, "жигд, тогтмол" нийлүүлэлтээр хангахыг компаниудад зөвлөжээ. 

 

Эргэн сануулахад, өмнө нь дотоодын зах зээлийн хэрэгцээг нэн тэргүүнд хангах үүднээс эрэлт өсөж байгаа энэ үед Оросоос бензин экспортлохыг нэн яаралтай хориглох саналыг ОХУ-ын Эрчим хүчний яам Засгийн газартаа гаргаж байлаа. Орост бензиний үнэ 2021 он гарсаар 5,2 хувиар өсчээ. 

 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ