М.Болдсайхан: Халдвар илэрсэн тохиолдолд шалгалтад оруулахгүй

ЭЕШ эхлэхэд хоёр хоног үлдлээ. Тодруулбал, энэ жил ЭЕШ-ыг долдугаар сарын 01-04-ний хооронд зохион байгуулах төлөвлөгөөтэй байсан ч цар тахлын улмаас хойшлуулсан. Улмаар шалгалтыг наймдугаар сарын 19-22, есдүгээр сарын 02-05-ны хооронд хоёр удаа зохион байгуулахаар болсон. Тиймээс ЭЕШ-ын бүртгэлийн бэлтгэл ажил, шалгалтын талаар БҮТ-ийн ЭЕШ хариуцсан ахлах мэргэжилтэн М.Болдсайхантай ярилцлаа.
Энэ жил ЭЕШ-ыг хоёр удаа зохион байгуулахаар болсон. Эхний шалгалтад хэдэн шалгуулагч хамрагдах төлөвтэй байна?
-Наймдугаар сарын 19-22-ны өдрүүдэд ЭЕШ-ыг зохион байгуулахаар бэлтгэл ажлыг бүрэн хангасан. Энэ хугацаанд коронавирусийн халдвараар өвчилсөн шалгуулагчдын мэдээллийг энэ сарын 23-нд ЭМЯ-наас нэгтгэж авна. Яг одоогийн байдлаар ЭЕШ-ын эхний хуваарьт хамрагдах шалгуулагчдын тоо гараагүй байна.
Эхний шалгалтад хувийн асуудлын улмаас хоцорсон шалгуулагч дараагийн шалгалтад орж болох уу?
-Болохгүй. Бид ЭМЯ-наас ирүүлсэн мэдээлэл, эмчийн магадлагааг үндэслэн есдүгээр сарын 02-05-ны хооронд зохион байгуулах ЭЕШ-д оруулна. Хувийн шалтгаанаар энэ сарын ЭЕШ-аас хоцорсон тохиолдолд есдүгээр сарын шалгалтад орох боломжгүй.
Шалгалтын материалыг хэрхэн бэлтгэсэн бэ? Долдугаар сарын шалгалтын материалыг шинэчилсэн үү?
-Элсэлтийн ерөнхий шалгалтыг долдугаар сарын 01-04-ний хооронд зохион байгуулахаар товлосон. Харамсалтай нь коронавирус цар тахлаас үүдэн шалгалт хойшилсон. Тиймээс долдугаар сарын шалгалтад бэлдсэн шалгалтын материал хүчингүй болсон гэсэн үг. Энэ сард зохион байгуулагдах ЭЕШ-ын материалыг шинээр боловсруулсан. Мөн есдүгээр сарын 02-05-ны өдрүүдэд авах шалгалтын материалыг шинээр боловсруулсан байгаа.
Энэ жил улсын хэмжээнд хэдэн шалгалтын байр бэлтгэсэн бэ?
-Улсын хэмжээнд нийт 82 шалгалтын байранд ЭЕШ-ыг зохион байгуулна. Тодруулбал, нийслэлд 40, орон нутагт 42 шалгалтын байр бий. УОК-оос ирүүлсэн заавар, ЭМЯ-наас өгсөн зөвлөмжийн дагуу шалгалтыг зохион байгуулна.
Шалгуулагчдын суудлын хуваарийг дахин шинэчилсэн. Суудлын хуваарьт нь шалгуулагчдын шалгалтад ирэх цаг, нэвтрэх хэсгийг нарийвчлан зааж өгсөн. Шалгалтын байранд шалгуулагчид гурван хэсгээр нэвтэрнэ. Ингэхдээ биеийн халуун хэмжүүлж, бичиг баримтаа шалгуулж нэвтрэх юм. Шалгуулагчид амны хаалт, бээлийг өмссөн байх шаардлагатай. Шалгалтын анги танхимаар орох, гарах хаалга тусдаа байна. Шалгалтын байранд агааржуулалт, ариутгал халдваргүйтгэлийг тогтмол хийнэ. Шалгалтын байр бүрт эмч, үйлчилгээний ажилтан ажиллана. Мөн шалгалтын байр бүрт хоёр тусгай анги бэлтгэсэн.
Хэрэв тухайн шалгуулагчаас коронавирус халдварын эмнэлзүйн шинж тэмдэг илэрсэн тохиолдолд бэлтгэсэн тусгай ангид шалгалт авна. Ингээд тухайн шалгуулагчийг тэмдэглэн авч, дараагийн шалгалтад ирэхдээ PCR шинжилгээ өгсөн байхыг шаардана. ЭМЯ-наас ирүүлсэн чиглэлийн дагуу коронавирусийн халдвараар өвчилсөн шалгуулагчдыг шалгалтад оруулахгүй. Өөрөөр хэлбэл, эхний шалгалтын үед тухайн шалгуулагчид эмнэлзүйн шинж тэмдэг илэрсэн тохиолдолд тусгай ангид суулгаж шалгалт авна. Ингээд дараагийн шалгалтад ирэхдээ PCR шинжилгээ өгсөн байх шаардлагатай. Хэрэв шинжилгээгээр эерэг гарсан тохиолдолд энэ сарын шалгалтад оруулахгүй. Ингээд тухайн шалгуулагчийг есдүгээр сарын 02-05-ны хооронд зохион байгуулагдах шалгалтад хамруулна.
ЭЕШ-ын зохион байгуулалтад хэдэн багш, ажилчид ажиллах вэ?
-Улсын хэмжээнд 1993 хянагч багш, 839 зохион байгуулагч багш, 309 комисс нийт давхардсан тоогоор 11600 багш, ажилчид ажиллана.
ЭЕШ-ын батламжийг хэзээ тараах вэ?
-Эхний шалгалтын батламжийг наймдугаар сарын 26-наас эхэлж тараана. Мөн дараагийн сарын шалгалтын батламжийг есдүгээр сарын 07-ноос эхэлж тарааж өгнө. Шалгалтын дүн оноог шилэн технологи ашиглан зарлана.
ЭЕШ өгч буй шалгуулагчид ямар түгээмэл алдаа гаргадаг вэ?
-Шалгуулагчдын түгээмэл гаргадаг хэд хэдэн алдаа байна.
Нэгдүгээрт, Шалгалтын хугацаанаас хоцорч ирэх.
Хоёрдугаарт, Шалгалтын байранд хориглосон эд зүйлсийг авч орох. Жишээлбэл, гар утас. Хэрэв шалгалтын журам зөрчсөн тохиолдолд шалгалтын дүн оноог хүчингүй болгох хүртэлх арга хэмжээг авна.
Гуравдугаарт, Шалгалтын хариултын хуудсанд зааврын дагуу будахгүй байх. Харандаагаар будах ёстой зүйлийг үзгэн балаар будах алдааг гаргадаг.
Дөрөвдүгээрт, Шалгалтад ирэхдээ заавал авч ирэх дөрвөн төрлийн бичиг баримтыг мартаж ирэх зэрэг алдаа гаргадаг.
Энэ жил Нийслэлийн замын цагдаагийн газартай хамтран ажиллаж байгаа. Тус газраас шалгалтын байрны 31 байршилд тусгай эргүүл хамгаалалт хийж, замын түгжрэл зохицуулахаар ажиллаж байна.
Мөн Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ компани хамтран ажиллаж байна. Нийслэлийн шалгалтын байранд цахилгаан тасалдуулахгүй байхад хяналт тавьж байгаа. Мөн нийтийн тээвэр зохицуулалтын газарт албан бичиг хүргүүлсэн. Тодруулбал, шалгалт өгөх хүүхдийг тухайн чиглэлд саадгүй зорчуулах. Магадгүй автобусны карт мартаад гарсан бол бичиг баримтыг нь хараад шууд зорчуулах. Тиймээс хамтран ажиллаж буй бүхий л байгууллагууддаа талархал илэрхийлье.
Г.Мичид
СЭТГЭГДЭЛ БИЧИХ