Афганистан: Талибуудыг эсэргүүцэгчид Барууны орнуудаас зэвсгийн тусламж хүсжээ

Талибуудын хяналтад ороогүй байгаа Афганистаны Панжшер муж дахь эсэргүүцлийн хөдөлгөөний дайчид Барууны орнуудыг өөрсдөд нь зэвсэг илгээхийг уриалжээ. Энэ талаар тус хөдөлгөөний тэргүүн Ахмад Масуд мэдэгдсэнийг Washington Post сонин дамжуулсан байна.
Ахмуд Масуд нь талибуудтай тулалдаж байсан, 80-90-ээд оны үеийн можахедүүдийн домогт тэргүүн, хээрийн командлагч, "Хойд Альянс"-ын тэргүүн, Батлан хамгаалахын сайд агсан Ахмад Шах Масудын хүү юм. Ахмад Масуд наймдугаар сарын 17-ны өдөр эсэргүүцлийн хөдөлгөөн зохион байгуулж байгаагаа мэдэгдсэн бөгөөд тэрбээр АНУ болон түүний холбоотнуудыг "тулааны талбарыг орхисон" ч "ардчиллыг дэмжих" боломжтой гэж үзэж байгаа гэнэ.
"АНУ-ын конгресс, захиргаа, миний суралцдаг байсан Лондон, өнгөрсөн хавар эцгийн минь дурсгалыг хүндэтгэсэн Парист бидний өмнөөс дуу хоолойгоо хүргэхийг Барууны орнууд дахь Афганистаны анд нөхдөөсөө гуйж байна. Афганы армийн дайчид миний уриалгыг дэмжин, зэвсэг техниктэйгээ Панжшерийг чиглэж яваа. Бид Афганы эрх чөлөөний сүүлчийн нутаг болсон мужаа хамгаална. Гэвч бидэнд зэвсэг, сум маш их хэрэгтэй байна" хэмээн мэдэгдэлд өгүүлжээ.
Энд дуулгахад, Талибан хөдөлгөөний дайчид наймдугаар сарын 15-ны өдөр нийслэл Кабулыг эзлэн, Афганистанд бүрэн хяналтаа тогтоосон хэмээн мэдэгдсэн юм. Тэд үүнийхээ дараа анх удаа хэвлэлийн бага хурал зарлаж, энэ үеэрээ өмнөх засгийн үед ажиллаж байсан хүмүүсийг өршөөнө хэмээн амалсан ч наймдугаар сарын 18-ны өдөр Кандагар хотноо Афганистаны өмнөх эрх баригчдыг дэмждэг байсан дөрвөн командлагчийг олны өмнө цаазалжээ.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ