Афганистаны эрх баригчид АНУ-д 22 тонн алт байршуулжээ

Афганистанд "Талибан" хөдөлгөөн хяналтаа тогтоосны дараа Байдены захиргаа АНУ-ын банкууд дахь Афганы засгийн газрын хөрөнгийг царцааж, олон тэрбум долларын хөрөнгийг талибууд авах боломжгүй болгосон юм.
Эдгээр хөрөнгийн дунд Нью-Йоркийн Холбооны нөөцийн банкад байх алтан гулдмайнууд ч багтаж байгаа гэнэ. АфганистаныТөв банкны мэдээллээр ойролцоогоор 22 тонн алт АНУ-д хадгалагдаж байгаа аж. Үнэт металлын зах зээлийн Лондонгийн холбооноос тогтоосон үнэлгээгээр энэ хэмжээний алт нь 1,25 тэрбум доллар орчмоор үнэлэгдэх юм байна.
Талибууд Афганистаныг хяналтдаа оруулсны дараа Олон улсын валютын сан ч талибуудыг нөөцөд нэвтрэх боломжгүй болгосон юм. ОУВС цар тахлаас үүдэлтэй эдийн засгийн хямралыг сөрөх хариу арга хэмжээ болгон 370 сая ам.долларыг Афганистаны Засгийн газарт зээлийн шугамаар наймдугаар сарын 23-ны өдөр олгохоор төлөвлөж байжээ. Одоо энэ зээлийг олгохгүй бөгөөд ингэснээр "Талибан"-ы нөөцийг ихээхэн хязгаарлана гэж шинжээчид үзэж байна.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ