СУРВАЛЖИЛГА: Зуны дэлгэр цагт ЭЕШ-даа санаа зовоод амарч чадаагүй

img
Гэрэл зургуудыг MPA.mn

 

Энэ жилийн Элсэлтийн ерөнхий шалгалт наймдугаар сарын 19-нд Монголын түүх, англи хэл  хичээлээр эхэлсэн. Цар тахлын улмаас долдугаар сарын 01-04-ний өдрүүдэд зохион байгуулагдах байсан ЭЕШ хойшилсон. Ингээд энэ сард зохион байгуулагдахаар болсон юм. Цар тахлын нөхцөл байдлын улмаас энэ жил шалгалтын байрны тоог нэмэгдүүлж, улсын хэмжээнд нийт 82 шалгалтын байранд ЭЕШ-ыг зохион байгуулж байна.  Энэ өдрүүдэд автобус, гудамж талбайд ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн дүрэмт өмсөж, хавтас барьсан шалгуулагчид олон харагдана. Ингээд манай баг ЭЕШ-ын зохион байгуулалтын талаар сурвалжлахаар нийслэлийн Нэгдүгээр сургуулийг зорилоо.

 

Сургуулийн хашааны гадна сурагчид цугларсан байлаа. Тэд химийн хичээлийн шалгалтаа өгөөд гарч ирж байгаа нь энэ. Шалгалтынхаа зөв, буруу хариултыг ярилцаж харагдана. Багш нь бололтой дунд эргэм насны эмэгтэй тэдний дунд зогсож ярилцана. Удсан ч үгүй БҮТ-ийн цахим системээр шалгалтын дүн мэдээлэл цацагдаж эхлэв. Тэд бүгд сандарсан харагдана. Удсан ч үгүй “Баяр хүргэе. Өндөр оноо авсан байна” гэж баяр хөөр болцгооно. Тэдний өмнөөс би ч баяртай байлаа. Харин хажууханд модны сүүдэрт хэсэг шалгуулагчдын эцэг эхчүүд бололтой хүмүүс сууж харагдана. Тэд хоорондоо үл дуугарна. Гагцхүү цугларсан хүүхдүүдийг харна.

 

ЭЕШ хойшилсон нь хүүхдүүдийн сэтгэлзүйд нөлөөлсөн

 

 

ХУД-ийн иргэн Л.Ундрахмөрөн:

 

-Хүүхэд маань химийн хичээлийн шалгалтаа өгөөд гараад ирлээ. Шалгалтын даалгавар нь “гайгүй” байсан гэлээ. Манай хүүхэд Хими, Биологи, Орос хэл, Математик гэсэн дөрвөн хичээлээр ЭЕШ өгч байна. Хүүхэдтэйгээ ярилцаж байгаад эмч мэргэжлийг сонгохоор болсон. Цар тахлын үед ЭЕШ-д бэлтгэхэд хүндрэлтэй байлаа. Коронавирус халдварын улмаас цахимаар хичээллэсэн. Сүүлийн хоёр сарын хугацаанд танхимаар давтлагад суусан. Шалгалт өгөх энэ чухал өдрүүдэд коронавирусийн халдвараар өвчлөхгүй байгаасай гэж бодож гэж санаа зовсон. Цар тахлаас үүдэн ЭЕШ хойшилсон нь хүүхдүүдийн сэтгэлзүйд нөлөөлсөн. Зуны дэлгэр цагт шалгалтандаа санаа зовоод амарч чадахгүй байсан.   

 

Хүүхэд маань хэдэн оноо авсан бол гэж бодоод сандарч байна

 

 

ХУД-ийн иргэн Д.Оюунцэцэг:

 

-Манай хүүхэд Хими, Биологи, Математик гэсэн гурван хичээлээр шалгалт өгнө. АШУҮИС-д элсэн суралцах хүсэлтэй. Хүүхэд маань хими хичээлийн шалгалтаа өгөөд гараад ирлээ. Шалгалтын задгай даалгавартаа “эргэлзэж” байна гэсэн. Хүүхэд маань хэдэн оноо авсан бол гэж бодоод сандарч байна. Өөрөө шалгалт өгч байгаа юм шиг л  байна. Цахимаар хичээллэсэн нь танхимаар хичээллэхээс сул байсан.  Долдугаар сард зохион байгуулагдах байсан ЭЕШ хойшилсон нь хүүхдүүдэд сөргөөр нөлөөлсөн.

 

ЭЕШ хойшилсон нь сөргөөр нөлөөлөөгүй

 

 

АШУҮИС-ийн харьяа Ерөнхий боловсролын ахлах сургуулийн төгсөгч  Ү.Ананд:

 

-Элсэлтийн ерөнхий шалгалтаа өгөөд гараад ирлээ. Цар тахлын үед цахимаар хичээллэсэн учир шалгалтын материалууд нь урд урдны жилүүдээс хөнгөн санагдсан. Шалгалтын зохион байгуулалт, халдвар хамгааллын дэглэм сахиулж байгаа нь сайн байлаа.  АШУҮИС-ийн харьяа Ерөнхий боловсролын ахлах сургуульд суралцаж төгссөн. ЭЕШ хойшилсон нь сөргөөр нөлөөлөөгүй. Харин ч бэлтгэх хугацаа гарч сайнаар нөлөөлсөн. Хими, Биологи гэсэн хоё хичээлээр шалгалт өгөхөөр сонгосон. АШУҮИС-ийн хүний их эмчийн ангид элсэн суралцана.

 

ЭЕШ-ын зохион байгуулалт сайн байлаа

 

 

АШУҮИС-ийн харьяа Ерөнхий боловсролын ахлах сургуулийн төгсөгч О. Жанчивдулам:

 

-Элсэлтийн ерөнхий шалгалт хойшилсон нь хэцүү санагдсан. Шалгалт хойшилсныг сонсоод дарамт мэдэрсэн. Шалгалтандаа илүү сайн бэлтгэх ёстой юм шиг санагдсан. Миний хувьд Хими, Биологи, Англи хэл, Математик гэсэн дөрвөн хичээлээр шалгалт өгөхөөр бүртгүүлсэн. АШУҮИС-д суралцах хүсэлтэй. Химийн хичээлийн дүнгээ харсан. Сандарлаа. Сайн оноо авсан. ЭЕШ-ын зохион байгуулалт сайн байлаа.

 

ЭЕШ өгч байгаа найзууддаа цагаа маш сайн тооцоолоорой. ЭЕШ шалгалт гэж бодолгүйгээр энгийн шалгалт шиг тайван байгаарай гэж хэлье.

 

 

 

Г.Мичидмаа 

.

 

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Иргэн:
2 жил амарчихсан ш дээ. Одоо амралтын синдром гэдэг өвчин маш их газар авсан. Хоол идэхдээ хүртэл зарим нь ядраад байгаа гэсэн шүү.
2021-08-21
Enhamaglan buruutai buruu shiidver gargasan
2021-08-21
Medeej zuv huuhduud zuv yrij bna
2021-08-21
Тэгээд хэн буруутай юм. Угаасаа хоосон толгойнууд
2021-08-21
BUTEN JIL AMRAD TSADAGUI MALU
2021-08-21