Австри Афганистаны дүрвэгчдийг хүлээн авахаас татгалзав

Талибууд Афганистанд хяналтаа тогтоосны улмаас энэ улсын олон мянган хүн орон гэрээ орхин дүрвэхээс аргагүй болж, Европын зарим орнууд ч афганчуудыг хүлээн авахад бэлэн гэдгээ зарлаж байв. Харин Австри улс Афганистанаас дүрвэгчид хүлээж авахгүй гэж тус улсын канцлер Себастьян Курц мэдэгджээ.
Канцлерын өгүүлснээр Австрид одоо Афганистаны 40 мянга гаруй иргэн амьдарч байгаа тул дахин энэ улсаас дүрвэгч хүлээж авах боломжгүй гэнэ. "Бид одоо сайн дураар олон хүн хүлээн авахын эсрэг байна. Намайг канцлерын албан тушаал дээр байгаа цагт ийм зүйл болохгүй" хэмээн Себастьян Курц мэдэгджээ.
Дүрвэгчдийг хүлээн авахын оронд нутагт нь афганчуудад тэр дундаа эмэгтэйчүүдэд туслах нь дээр гэж Австрийн канцлер үзэж байгаа аж.
"Нэн ялангуяа эмэгтэйчүүд болон хүн амын аюулгүй байдалтай холбоотой нөхцөл байдлын тухайд бид асар их хариуцлага хүлээнэ" хэмээн Курц мэдэгджээ.
Курцийн өгүүлснээр, хүн амд ноогдох афган дүрвэгчдийн тоогоор Австри улс дэлхийд дээгүүрт бичигдэж байгаа бөгөөд эдгээр хүмүүсийг нийгэмд дасан зохицуулах асуудалтай энэ улс тулгараад байгаа гэнэ.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ