Эрдэмтэд: Хот-дог нас богиносгодог

Хот-догт агуулагдах боловсруулсан мах, транс тос нь хүний насыг богиносгодог бөгөөд нэг хот-дог идэхэд л хүний нас 36 минутаар багасдаг гэнэ. Ийм дүгнэлтийг Мичиганы их сургуулийн эрдэмтэд гаргасан талаар The Daily Telegraph мэдээлжээ. Гэхдээ эрүүл хүнс хэрэглэвэл амьдрах насаа уртасгаж болно гэж эрдэмтэд дүгнэжээ.
Эх сурвалжийн мэдээлснээр, эрдэмтэд хүнсний бүтээгдэхүүний нөлөө, стандарт порцын нөлөөг судлаад, нэг грамм боловсруулсан мах идэх бүрд хүн 0,45 минутын нас алдаж байдаг гэнэ. Хот-догны тухайд 61 грамм боловсруулсан мах дээр натри, транс өөх байдаг тул нэг удаад идэхэд л нас 36 минутаар багасдаг гэсэн дүгнэлтэд хүрчээ.
Эрдэмтдийн үзэж байгаагаар, хүнсний бүтээгдэхүүн бүр чухал тул хоолны дэглэм барих хэрэггүй, харин сөрөг нөлөөтэй бүтээгдэхүүнийг ашиг тустай бүтээгдэхүүнээр нөхөөд явахад болох гэнэ. Тухайлбал, өдрийн калорийн 10 хувийг боловсруулсан махны оронд самар, жимс, ногоогоор орлуулвал өдөр бүр насаа 48 минутаар уртасгаж болох аж. Түүнчлэн ийм сонголт нь экологид ч эергээр нөлөөлж, нүүрстөрөгчийн ул мөрийг 1/3 хувиар бууруулдаг юм байна. Тиймээс хүрээлэн буй орчиндоо ихээхэн нөлөөлөх жижиг алхмуудыг хийхийг эрдэмтэд уриалжээ.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ