COVID-19: Израильд гурав дахь тунгийн үр дүн өндөр байна гэв

img

Израильд коронавирусийн халдвараас сэргийлэх вакцины гурав дахь тунг өндөр настнуудад хийж эхэлсэн. Ийнхүү нэмэлт тун хийснээр 60-аас дээш насныхан COVID-19-ийн халдвар болон хүндрэлээс хоёр тун хийлгэснээс илүү хамгаалагдсан гэж Израилийн Эрүүл мэндийн яам мэдэгджээ. 

 

Израилийн мэргэжилтнүүдийн хийсэн судалгаагаар гурав дахь тунг тарьснаас хойш 10 хоног өнгөрөхөд халдвараар үүсгэгдсэн өвчин хүндрэхээс хамгаалах дархлаа 5-6 дахин нэмэгдэж байгаа гэнэ.

 

Израильд долдугаар сарын 30-ны өдрөөс эхлэн 60-аас дээш насныханд вакцины гурав дахь тунг тарьж байгаа юм. Наймдугаар сарын 19-ний өдрөөс эхлэн 40-өөс дээш насныхан болон багш, эмнэлгийн ажилтнууд, жирэмсэн эмэгтэйчүүдэд нэмэлт тунг тарьж эхэлжээ. Энэ улс 9,3 сая хүн амтай бөгөөд үүнээс 1,5 сая нь вакцины нэмэлт тун тариулсан байна. Ингэснээр дөрөв дэх удаагаа хатуу хөл хорио тавихаас сэргийлж чадна гэж Израилийн эрх баригчид найдаж байгаа аж.

 

Түүнчлэн Израиль улс 12-оос дээш насныхныг вакцинд хамруулсан үзүүлэлтээрээ дэлхийд дээгүүрт орж байгаа бөгөөд тус улсын өсвөр насныхны 60 хувь нь дархлаажуулалтад хамрагджээ. Энэ улсад дархлаажуулах ажилд ихэвчлэн Пфайзер вакциныг ашиглаж байгаа юм. Гэсэн ч сүүлийн үед нэг сая хүнд ноогдох халдварын тоо 650 гаруй байгаа бөгөөд халдвар нэмэгдэж байгаа нь дельта штаммтай холбоотой гэж Израилийн Эрүүл мэндийн яам мэдэгджээ. 

 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ