SpaceX 100 мянган хэрэглэгчийг сансрын интернетэд холбожээ

img

Старлинк хиймэл дагуулын интернет системд холбогдоход зориулж Space X хэрэглэгчдэдээ илгээсэн терминалын тоо 100 мянгад хүрсэн гэж тус компанийг үүсгэн байгуулагч Илон Маск Твиттер хуудсандаа бичжээ. Түүний өгүүлснээр, "сансрын интернет"-ийн үйлчилгээг хэдийнэ 14 оронд авах боломжтой болсон гэнэ. 

 

Старлинкийг АНУ-д турших ажил өнгөрсөн оны 10 дугаар сараас эхлэж, харин энэ оны хоёрдугаар сард дэлхий даяар интернетэд холбогдох хүсэлтүүдийг хүлээн авч эхэлсэн юм. Хиймэл дагуултай холбогдох терминал, суурь, Wi-Fi роутерээс бүрдэх иж бүрдэл нь 500 орчим доллар, сар бүр 10 доллар орчмын хураамж төлөх аж.

 

Энэ оны тавдугаар сар гэхэд Старлинкэд холбогдох хүсэлтийн тоо 500 мянгыг давсан хэмээн Маск мэдэгдэж байлаа. Долдугаар сарын сүүл гэхэд Старлинкийг төлбөр төлөн ашиглаж буй хэрэглэгчийн тоо 90 мянга болсон байна. Харин сүүлийн гурван долоо хоногийн хугацаанд энэ тоо 10 мянгаар нэмэгджээ.

 

Старлинкийг ажиллуулахын тулд тойрог замд нийт 10 тэрбум орчим ам.долларын өртөг бүхий 12 мянган хиймэл дагуулыг байршуулахаар төлөвлөсөн юм. Одоогийн байдлаар 2000 хиймэл дагуулыг хөөргөжээ. Энэ нь есдүгээр сар гэхэд л дэлхий дахиныг "тасалддаггүй интернет"-ээр хангахад хангалттай гэж Space X компани мэдэгдэж байв.

 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ