Паралимп-2020: Одод чуулсан, онцгой тамирчдын наадам эхэллээ

img

Коронавирусийн цар тахлын улмаас онц байдлын дэглэм үргэлжилж буй Японы нийслэл Токио хотноо мягмар гарагт онцгой хүмүүсийн онцгой наадам эхэллээ. Энэ бол Паралимп. 

 

Халдвар хамгааллын дэглэмийн улмаас үзэгчгүй явагдах ч ёслол төгөлдөр эхэлсэн Паралимпийн наадамд спортын 22 төрлөөр 5000 орчим тамирчин оролцоно.

Нээлтийн ёслол болохоос хэдэн цагийн өмнө Токио хотод Олимпын бамбарын буухиа өндөрлөсөн юм. Коронавирусийн халдварын тохиолдол эрс нэмэгдсэн тул Токиогийн гудамжаар бамбарыг буухиалаагүй  аж.

 

Энэ жил наадмын хөтөлбөрт бадминтон, таэквондо гэсэн спортын хоёр төрөл нэмэгдэж байгаа бол ДЦП оноштой хүмүүст зориулсан далбаат онгоцны спорт, 7х7 хөлбөмбөгийг хасчээ.

 

Коронавирусийн халдварын улмаас Токио хотод урьдын адил онц байдлын дэглэм мөрдөгдөж байгаа тул Паралимпийн тамирчид Олимпын тамирчдынэ адилаар өдөр бүр шинжилгээ өгч, хүн хоорондын зай барин, амны хаалт зүүх зэрэг олон дүрэм журам мөрдөх шаардлагатай юм.

 

"Паралимп аюулгүй наадам болно гэдэгт би итгэлтэй байна. Гэхдээ энэ нь халдвар огт гарахгүй гэсэн үг биш. Халдварын тохиолдол гарна. Гэхдээ бид шинэ тохиолдлуудыг хянаж, цааш тархахаас сэргийлнэ" хэмээн Олон улсын паралимпийн хорооны ерөнхийлөгч Эндрю Парсонс мэдэгджээ.

 

Хэдийгээр хяналтдаа авна гэж мэдэгдэж байгаа ч цар тахал наадамд нөлөөлж, үүнээс болж Самоа, Кирибати, Тонга, Вануату гэсэн арлын орнуудын тамирчид Токиод ирж чадаагүй юм. Түүнчлэн өдгөө талибуудын гарт орж, эмх замбараагүй байдал үүссэн Афганистаны хоёр тамирчин ч Паралимпэд ирж чадаагүй бөгөөд энэ улсын далбааг сайн дурынхан өргөн, нээлтийн ёслолын үеэр гарч иржээ. 

 

Паралимпийн одод 

Энэ удаагийн Паралимпийн наадамд алдар цуутай олон тамирчин өрсөлдөх юм. Тэдний дунд Германы тамирчин, протезон хөлт Маръус Рем, АНУ-ын тэргэнцэртэй уралдаанч Татьяна Макфадден, Бразилийн усанд сэлэлтийн тамирчин Даниэль Диас нар багтана.

 

Польшийн тамирчин Наталья Партыка ширээний теннисний тав дахь удаагийн аваргын төлөө өрсөлдөх бөгөөд хэдхэн долоо хоногийн өмнө тэрбээр Олимпод ч оролцож байжээ.

 

Медалийн төлөө Италийн туялзуур сэлэмний тамирчин Бебе Вио өрсөлдөх бөгөөд тэрбээр багадаа менингит өвчний улмаас нэг гар, нэг хөлөө тайруулжээ. 

Монгол Улсын баг тамирчид зуны паралимпийн 16 дахь удаагийн их наадамд пара жүдо, таеквондо, байт харваа, буудлага, хөнгөн атлетик, хүндийн өргөлт гэсэн спортын зургаан төрөлд 11 тамирчин эх орноо төлөөлөн өрсөлдөх юм.

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ