Нугаршгүй сэтгэлийн тэнхээг бэлгэдсэн ПАРАЛИМПИЙН ТҮҮХ

img
Дүрвэгчдийн багийн тугчин Аббас Карими

Оюун ухаан, бие бялдар, нугаршгүй сэтгэлийн тэнхээ. Паралимпийн бэлгэдэл дээрх улаан, хөх, ногоон өнгө чухамхүү энэ гурвыг бэлгэдсэн юм. 

Паралимпийн түүх 

 

Өнгөрсөн зууны 30-аад онд Их Британи руу цагаачилж очсон, Германы еврей, мэдрэлийн мэс засалч Людвиг Гуттманыг Паралимпийн хөдөлгөөнийг үүсгэн байгуулагч хэмээн үздэг.

 

Нуруу нугасны гэмтэлтэй өвчтөнүүдийг хөл дээр нь босгоход спорт нэн тустай гэдэгт бат итгэж байсан энэ эмч эмчилгээндээ спортыг ихээхэн ашигладаг байжээ. Дэлхийн II дайны төгсгөлөөр Гуттман Сток-Мандевилийн эмнэлэгт тулгуурлан Нуруу нугасны гэмтлийг эмчлэх төв үүсгэн байгуулсан аж. Чухамхүү энэ төвдөө тэрбээр тэргэнцэртэй тамирчдын байт харвааны анхны тэмцээнийг 1948 онд зохион байгуулсан байна. Энэ тэмцээнд өмнө нь цэргийн алба хаагчид байсан, саажилттай 16 тамирчин оролцжээ.

 

Сток-мандевилийн энэ наадам нь хожим нь жил бүр уламжлал болон зохион байгуулагддаг болсон төдийгүй олон улсын хэмжээнд явагдах болж, оролцогчдын хүрээ ч тэлсэн байна. 

 

1960 оны есдүгээр сард Ром хотноо болсон тэмцээнд 23 орны хөгжлийн бэрхшээлтэй 400 тамирчин оролцсон бөгөөд чухамхүү энэ наадам анхны Паралимп хэмээн түүхэнд үлджээ. 1976 онд Шведийн Эрншёльдсвикт анхны өвлийн Паралимпийн наадам болсон бөгөөд энэ наадамд анх удаа зөвхөн тэргэнцэртэй тамирчид биш бусад төрлийн бэрхшээлтэй тамирчид ч оролцсон байна. 

 

1976 онд Торонто хотноо болсон Паралимпийн зуны наадамд 40 орны 1600 тамирчин оролцож, нуруу нугасны гэмтэлтэй тамирчид дээр харааны бэрхшээлтэй, үе мөчөө тайруулсан хүмүүс болон бусад төрлийн бэрхшээлтэй тамирчид оролцсоноороо мөн л түүхэнд үлджээ. 

 

Түүхэнд үлдсэн өөр нэг үйл явдал нь 1988 оны Сөүлийн паралимпийн наадам байлаа. Энэ наадмын оролцогчид эрүүл тамирчдын тэмцээн болж байсан объектуудад өрсөлдсөн бөгөөд энэ үеэс хойш дөрвөн жил тутамд, олимп болсоны дараа олимпын тэмцээн болж байсан тэр л цэнгэлдэх хүрээлэн, талбай дээр паралимпийн тамирчид хүч чадлаа сорих болсон байна.

 

Мөн 1988 онд "Паралимпийн наадам" гэсэн нэр томъёог албан ёсоор хэрэглэх болжээ. Үүнээс өмнө энэ нэршлийг ашиглаж байсангүй. Анхны нэршил нь "paraplegia" буюу "доод мөчдийн саажилт" гэх нэр томъёотой холбоотой байсан бол өнөөгийн Паралимп нь "олимпын зэрэгцээ" гэсэн утгатай аж.

Паралимпийн тамирчдыг дэмжих Сомэйти

Адилхан л хүмүүс өрсөлдөх, Олимптой адилхан л наадам тул Паралимп ч өөрийн гэсэн бэлгэдэлтэй. Анхны бэлгэдэл шүтээн 1980 онд Нидерландын наадмын үеэр үүссэн бөгөөд хоёр хэрэм наадмын шүтээн байв. Энэ онд Токио хотноо оролцогчдыг Сомэйти дамжинэ. Сомэйти нь бодол унших чадвартай, эд зүйлийг алс зайд нисгэх, хөдөлгөж чадах бөгөөд "хүчирхэг" гэсэн утгатай сакурагийн нэгэн төрлийн нэрээр нэрлэгджээ.

 

Коронавирусийн цар тахлын улмаас нэг жил хойшилсон ч энэ удаагийн Паралимпийн наадамд 162 орон /дүрвэгчдийн багтай нийлээд/ оролцож байгаа нь өмнөх амжилттай тун ойртож очсон үзүүлэлт байлаа. 2012 оны Лондонгийн паралимпийн наадмаар 164 орны тамирчид оролцсон нь хамгийн их улс орон төлөөллөө илгээсэн дээд амжилтыг тогтоож байв.  

 

Энэ жилийн паралимпийн наадам оролцогчдынхоо тоогоор дээд амжилт тогтоож байна. Токио хотноо 4,4 мянган тамирчин хүч чадлаа сорих бөгөөд хамгийн олон тамирчин оролцуулж байгаа улс нь наадмыг зохион байгуулагч Япон улс юм. Нутгийнхаа дэвжээн дээр 254 тамирчин өрсөлдөх бол тамирчдынхаа тоогоор Японы араас Хятад, Орос, АНУ, Бразил улс жагсжээ.

 

Токиогийн Паралимпийн наадамд урьд хожидоос их эмэгтэй тамирчид оролцож байна. Энэ жил 1,8 мянган эмэгтэй тамирчн паралимпийн дэвжээн дээр гарах болсон нь Риогийн наадмаас 11 хувиар, 2000 оны Сиднейн наадмаас хоёр дахин их байгаа юм.

 

Бидэнд жигүүр бий...

"Бидэнд жигүүр бий". Энэ бол Токио-2020 Паралимпийн уриа юм. Үнэхээр ч тэд жигүүртэн мэт дүүлэн нисэж, зай бартааг туулан, дэлхий дахинд хүч чадлаа гайхуулна. 

Чухамхүү эндээс л хараагүй тамирчин 10-хан секундын дотор 100 метр зайд гүйж, тэргэнцэртэй сагсчид багаараа нэгдэн тоглохыг харна. Тэд хамтдаа гайхамшгийг бүтээнэ. 

 

"Паралимп бол хөгжлийн бэрхшээлийн талаарх хүмүүсийн төсөөллийг өөрчлөх агуу үйл явдал. Хүмүүс бүгд өөр өөр байдаг. Бусдаас ялгарах чанар нь хүч чадал болохоос сул дорой байдал биш гэдгийг тэд ойлгоно" хэмээн Олон улсын паралимпийн хорооны ерөнхийлөгч Эндрю Парсонс мэдэгдсэн юм. 

 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ