Төсөөлөмгүй бэрхшээлийг боломж болгосон паралимпчид

Наймдугаар сарын 24-ний өдөр хүн төрөлхтний эв нэгдэл төдийгүй, "хөгжлийн бэрхшээлийн талаарх хүмүүсийн ойлголт"-ыг орвонгоор нь эргүүлдэг Паралимпийн ээлжит наадам Токио хотноо нээлтээ хийлээ. Энэ удаагийн наадмын уриа нь "Бидэнд жигүүр бий". Үнэхээр ч тэд жигүүртэн мэт дүүлж, боломжгүйг ч боломжтой болгон харуулж, дэлхий дахины сэтгэлийг хөдөлгөж, өөрсдийн жишээгээр олон хүнд итгэл найдвар өгсөөр байна.
Токио хотод өрнөж буй Паралимпийн наадмын оролцогчдын зураг дэлхий даяар тархаж, тамирчдын сэтгэлийн тэнхээ, тэсвэр хатуужил олны бахархлыг төрүүлсээр байгаа юм. Хүнд бэрхшээлийг даван туулж, хүч чадал, эр зориг, тэсвэр хатуужлаа гайхуулж буй тэдний зураг дэлхийгээр нэг тархаж, үзэгчдийг бишрүүлсээр байна. Тэдний нэг нь Египетийн тамирчин Ибрагим Хамадту.
Ибрагим 10 настайдаа галт тэрэгний ослын улмаас хоёр гараа тайруулжээ. Бусдын нүдээр бол, ийнхүү хоёр гаргүй болсон түүний хувьд теннис тоглох гэдэг бүтэшгүй санаа. Гэхдээ Ибрагим боломжгүйг боломжтой болгосон юм. Тэрбээр амандаа цохиураа барьж тоглох бол баруун хөлөөрөө бөмбөгийг дамжуулдаг. Ибрагим Паралимпийн тэмцээний үеэр 3:0 харьцаатайгаар хожигджээ, гэсэн ч түүнд бууж өгөх бодол үгүй.
"Ялагдсандаа харамсаж байна, гэхдээ дараагийн тоглолт дээр ялна гэж найдаж байгаа" хэмээн Ибрагим сэтгүүлчдэд өгүүлсэн байна.
Олныг бишрүүлсэн өөр нэг тамирчин нь Бразилийн усанд сэлэгч Габриэль дос Сантос. Мөн л хоёр гаргүй тэрбээр усан сангийн хэсгээс түлхэж холдохын тулд алчуур зуусан зураг олны анхааралд өртсөн юм. Тэрбээр эрэгтэйчүүдийн 100 метрийн төрөлд мөнгөн медаль хүртжээ.
Габриэлийн өрсөлдсөн төрөлд алтан медалийг Чилийн тамирчин Альберто Абарза, харин хүрэл медалийг Оросын усанд сэлэгч Владимир Даниленко нар хүртжээ.
Орос тамирчны түүх
Паралимпийн наадам өнөөдөр Токио хотноо хоёр дахь өдрөө үргэлжилнэ. Энд мөн л өөр өөрийн гайхамшигт түүхтэй тамирчид оролцох юм.
Тэдний нэг нь Оросын тамирчин, 38 настай Гильмутдинов. Тэрбээр дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хоёр удаагийн ялагч, олон удаагийн шагналт, Дэлхийн цомын хоёр удаагийн аварга, Оросын тулгуур эрхтний бэрхшээлтэй хүмүүсийн дугуй тэмцээний олон удаагийн аварга тамирчин аж.
2002 онд тэрхбээр есдүгээр давхраас унажээ. Залуу эрийн амь насыг эмч нар аварч чадсан ч зүүн хөлийг нь өвдөгнөөс доогуур тайрахаас аргагүй болсон гэнэ. Тэр хувь тавилантайгаа эвлэрэн, гутарч гэртээ суухыг хүссэнгүй. 2006 оноос хөлбөмбөг, хоккейн спортоор хичээллэж байгаад унадаг дугуйг сонгожээ.
Гильмутдиновын өгүүлснээр дугуйн спорт түүний амьдралыг эрс өөрчилсөн гэнэ. Тэрбээр амьдралын эрхээр гудамжинд суун гутал тослож, дараа нь гутал засварчнаар ажилладаг байж. Харин одоо тэр Оросын хамгийн алдартай, хамгийн амжилттай яваа паралимпийн тамирчин. Гильмутдинов гэмтэснийхээ дараа эхнэртэйгээ танилцаж, гэрлэсэн, одоо хоёр хүүхдийн аав болжээ.
Нэмэлт ...
Энэ сэтгэл хөдөлгөм агшныг гэрэл зурагчин Марселино хальснаа буулгажээ. Зураг дээр Канадын сагсан бөмбөгийн тамирчин Адам Лансиа эхнэр Жэми Живилсийгээ тайвшруулж байна. Эхнэрийнх нь баг Хятадын багт ялагдсаны дараа ийнхүү тайвшруулж байгаа зураг Олимпын түүхэн дэх хамгийн сэтгэл хөдөлгөм гэрэл зургуудын нэг гэж хэвлэлүүд бичиж байв. Энэ зургийг Рио-2016 паралимпийн наадмын үеэр авчээ.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ