Паралимп: 14 настай Япон охин шигшээдээ анхны медалийг авчирлаа

img

Лхагва гарагт эмэгтэйчүүдийн, S2 төрлийн 100 метрийн араар сэлэлтийн уралдаанд Японы тамирчин мөнгөн медаль хүртжээ. 

 

Ингэснээр Японы шигшээ баг нутгийн дэвжээнээ зохиогдож буй Паралимпээс анхныхаа медалийг хүртсэн нь энэ бөгөөд мөнгөн медалийн эзэн нь Мюүки Ямада юм. Тэрбээр ердөө 14 настайдаа ийнхүү мөнгөн медалийн эзэн болсноор Японы Паралимпийн хамгийн залуу медальтнаар тодроод байна. 

 

Ямада бол Токиогийн Паралимпийн наадамд оролцож буй, 254 хүний бүрэлдэхүүнтэй Японы шигшээ багийн хамгийн залуу нь. Тэрбээр Ниигата мужид сурдаг аж. 

 

"Би маш их догдолж, баярлаж байна. Сэтгэл их түгшиж байсан ч энэ мэдрэмжээ авч хаяж, тухайн мөчөө л мэдрэхийг хүссэн. Би өөртөө 100-аас 100 оноо өгнө" хэмээн Ямада тэмцээний дараа сэтгүүлчдэд ярьжээ. 

 

Төрөлхийн хоёр гаргүй, урт богино хөлтэй Ямада биеийнхээ бусад хэсгийг ашиглан, хөлөөрөө хүчтэй түлхэж сэлдэг. Тэрбээр Сингапурын тамирчин Ип Пин Сюг 9,57 секундээр түрүүлж, 2 минут 26,18 секундэд барианд орсон юм.

 

"Би өөрөө ч гайхлаа. Намайг үргэлж дэмждэг байсан ээж, дасгалжуулагчдаа амжилтаа зориулж байна. Би үүнийг хийж чадсан гэдгийг тэд мэдээсэй гэж хүсэж байна" хэмээн Ямада өгүүлжээ.

 

Ямадад үүссэн багтраа өвчний шинж тэмдэгийг багасгах үүднээс таван настайгаасаа усан сэлэлтээр хичээллэж эхэлжээ. Түүний хувьд өөрийгөө бусдаас өөр гэж мэдрэлгүй, үе тэнгийнхэнтэйгээ харилцах хамгийн сайхан арга нь энэ спорт байсан гэж Ямада өгүүлжээ.

 

Тэрбээр 2016 оны Риогийн Паралимпийн наадмыг  телевизээр үзэн, тамирчид камерын өмнө хэрхэн инээмсэглэхийг хараад сэтгэл нь хөдлөж, спортоор тасралтгүй хичээллэх болсон гэнэ. Хэзээ нэгэн цагт тэдний энэ тавцан дээр гарна гэж Ямада өөртөө амалжээ.

 

Ямада охин спортоор хичээллэхийн зэрэгцээ гэрээрээ суралцдаг. Бусад орнуудын тамирчидтай харилцахын тулд англи хэлээ сайн сурахаар хичээж байгаа аж. Түүний спортын карьер 2020 онд эрс өөрчлөгдсөн юм. Ямада тэр үед анх удаа олон улсын тавцанд гарсан бөгөөд тэр үеэс хойш улсынхаа дээд амжилтуудыг шинэчлэн тогтоожээ.

 

 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ