Турк Афганистанаас цэргээ гаргаж эхэллээ

Наймдугаар сарын 15-нд талибууд Афганистаны нийслэл Кабулыг эзлэн, тус улсыг хяналтдаа оруулсны дараа гадаадын улс орнууд иргэдээ нүүлгэн шилжүүлэх ажлыг эхлүүлсэн юм.
Энэ удаад Турк улс Афганистанаас цэргээ гаргахаар шийдсэн байна. "Хэлэлцээ, нөхцөл байдлын үнэлгээ хийсний дараа нүүлгэн шилжүүлэх ажлыг эхэлнэ. Туркийн зэвсэгт хүчин үүргээ нэр төртэйгээр биелүүлээд эх орондоо буцаж байна" хэмээн Туркийн Батлан хамгаалах яам мэдэгдсэнийг Регнум агентлаг дамжуулжээ.
Өмнө нь Турк улс талибуудад туслах санал тавьж, Кабулын нисэх буудлыг хамгаалахад оролцоход бэлэн хэмээн мэдэгдэж байв. Харин үүний хариуд "Талибан" өөрсдөө зохицуулна хэмээн мэдэгдсэн юм.
Туркийн цэргүүд НҮБ, НАТО-ын цэргийн ажиллагааны хүрээнд 2002 оноос хойш Афганистанд үүрэг гүйцэтгэж байгаа. Харин үүссэн нөхцөл байдлын улмаас тэд наймдугаар сард багтан Афганистанаас гарахаар болжээ.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ