Дархлаажуулалт удааширч байгаа нь дэлхийн эдийн засгийг асар их алдагдалд оруулна

img

Зарим оронд коронавирусээс сэргийлэх дархлаажуулалтын ажил удааширч, өөр орнуудад вакцины хүртээмж жигд бус байгаа нь дэлхийн эдийн засагт асар их хохирол авчирж болзошгүй гэнэ. Ийм дүгнэлтийг Economist Intelligence Unit судалгааны хүрээлэнгийн шинжээчид гаргажээ. 

 

Шинжээчдийн тооцоолсноор, дархлаажуулалт удааширч, вакцины хүртээмж жигд бус байгаагийн улмаас 2022-2025 оны хооронд үйлдвэрлэлийн алдагдал 2,3 их наяд долларт хүрэх гэнэ. Нэн ялангуяа, хүн амын ихэнх хэсэг нь эхний тундаа ч хамрагдаж амжаагүй байгаа Ази, Номхон далайн бүс нутаг дахь хөгжиж буй орнууд асар их алдагдал хүлээнэ гэж шинжээчид үзжээ. 

 

Судалгааны хүрээлэнгийн дүгнэснээр, дэлхийн эдийн засгийн алдагдлын гуравны хоёр нь хөгжиж буй орнуудад хамаарах бөгөөд ингэснээр эдгээр орнууд үйлдвэрлэлийн салбарт хөгжингүй орнуудтай ойртож очих явц нь удаашрах гэнэ. Үүнээс үүдэн тухайн бүс нутгуудад ард түмний дургүйцэл нэмэгдэж, нийгэмд үймээн самуун ч үүсэж болзошгүй шинжээчид анхааруулжээ.

 

Судалгаагаар, 2021 оны наймдугаар сарын байдлаар, өндөр орлоготой улс орнуудад эхний тун вакцинаа тариулсан хүн амын тоо 60 хувьд хүрч байгаа бол ядуу буурай орнуудад энэ үзүүлэлт ердөө нэг хувьтай тэнцэж байгаа аж.

 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ