Брюс Уиллисийн онгод орсон нь
Холливудын од Брюс Уиллис өдгөө 57 нас хүрч яваа. Жар шүргэж яваа гэхэд ануухнаараа буй жүжигчний хувьд энэ 2012 он уран бүтээлийн арвин олз омогтой жил гэнэ.
Тэрбээр дөрөвдүгээр сарын 6-нд нээлтээ хийх The Cold light of day хэмээх адал явдалт киноны гол дүрд Сигурни Уивертай хамт тоглосон аж.
Мөн 50 Cent-ийн продюссерлэсэн Fire with Fire, Катерин Зета Жонестой хамт гол дүрд нь тоглосон гэмт хэрэг-инээдмийн жанрын Lay the Favorite зэрэг кинонууд энэ жил нээлтээ хийнэ.
Үүгээр ч зогсохгүй энэ оны тавдугаар сард найруулагч Уэс Андерсоны бүтээл болох Moonrise Kingdom кинонд гол дүр бүтээж амжжээ. Энэхүү кино нь нэлээд хэдэн Холливудын томчууд хамтран тоглосон дэлгэцнээ жинхэнэ сенсаци дагуулах бүтээл гэнэ.
Тухайлбал Билл Мюррей, Эдвард Нортон, Харви Кейтель нар энэхүү кинонд дүр бүтээсэн аж. Мөн есдүгээр сард найруулагч Райн Жонсоны Looper нэртэй уран зөгнөл, шинжлэх ухааны сэдэвтэй кинонд тэрбээр гол дүр бүтээсэн.
Өнгөрсөн жилүүдэд эхний анги нь нээлтээ хийж ашиг орлогоор дүүрэн байсан бүтээлүүдийн үргэлжлэл болох G.I. Joe: Retaliation, The Expendables зэрэг кинонуудад ч түүний бүтээсэн дүр гарах гэнэ.
Ийнхүү нас ахимаг тулаант киноны одын хувьд энэ онд ёстой л киног үйлдвэрлэдэг жил нь болсон бололтой.


СЭТГЭГДЭЛ БИЧИХ