Цагаан ордон: Талибууд АНУ-ын найз нөхөр биш

АНУ "Талибан" хөдөлгөөнд итгэхгүй байгаагийн дээр энэ бүлэглэлтэй найрамдалт харилцаатай гэж үзэхгүй байгаа талаар Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Жен Псаки мэдэгджээ. Гэхдээ 100 гаруй хүн амиа алдсан Кабулын дэлбэрэлтэд талибууд хамааралтай гэж үзэх үндэслэл байхгүй хэмээн онцолсон байна. Хэвлэлийн бага хурлын үеэр Псаки АНУ Талибантай хамтран ажилласнаар Афганистанаас 100 мянга гаруй хүнийг нүүлгэн шилжүүлсэн хэмээн мэдэгджээ.
"Талибаны тухай манай байр суурийг би гоёчлохыг хичээхгүй. Энэ бол бидний итгэдэг бүлэг биш, тэд манай найз нөхөд биш, бид хэзээ ч ийм зүйл яриагүй. Гэхдээ Талибан Афганистаны ихээхэн хэсгийг хянаж байгаа нь бодит үнэн" хэмээн Псаки мэдэгджээ.
Мөн талибууд халдлага болох талаар мэдэж байсан эсвэл үүнд бэлтгэхэд ямар нэг байдлаар оролцсон гэх мэдээлэл АНУ-д байхгүй хэмэн Псаки мэдэгдээд наймдугаар сарын 31 гэхэд нүүлгэн шилжүүлэх ажлаа дуусгана хэмээн онцолсон байна.
Энд дуулгахад наймдугаар сарын 26-нд Кабулын нисэх буудлын орчимд цуврал дэлбэрэлт болсон. Энэ халдлагын хариуцлагыг "Исламын улс" алан хядах байгууллага өөр дээрээ авсан юм.
Афганистан: Кабулд халдлага болж, олон хүн амиа алдлаа
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ