АНУ Исламын улсын дайчны эсрэг тусгай ажиллагаа явуулжээ

"Исламын улс" алан хядах бүлэглэлийн салбар болох "Хорасан дахь Исламын улс" бүлэглэлийн нэгэн дайчны эсрэг АНУ-ын цэргийн алба хаагчид тусгай ажиллагаа явуулсан талаар ТАСС агентлаг мэдээлжээ.
Эх сурвалжийн мэдээлснээр, энэ дайчин халдлагуудыг зохион байгуулдаг байсан гэнэ. Тусгай ажиллагааны дүнд түүнийг устгасан гэж АНУ-ын Зэвсэгт хүчний Төв командлалын гаргасан мэдэгдэлд өгүүлжээ.
"АНУ-ын цэргүүд өнөөдөр "Хорасан дахь Исламын улс" бүлэглэлийн халдлага зохион байгуулагчийн эсрэг алан хядах ажиллагааны эсрэг алсын зайн тусгай ажиллагаа явуулсан. Афганистаны Нангархар мужид нисэгчгүй нисэх аппаратын тусламжтайгаар цохилт өглөө. Урьдчилсан мэдээллээр бид байгаа устгасан. Харин энгийн иргэдийн дунд амиа алдсан болон шархадсан хүмүүс байгаа эсэх талаарх мэдээлэл бидэнд алга" хэмээн мэдэгдэлд өгүүлжээ.
Баасан гарагт АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден цэргийн дарга, дипломатууд болон үндэсний аюулгүй байдлын багийнхантайгаа уулзсан талаар Цагаан ордон мэдээлж байсан юм. Уулзалтын дүнгээр Америкийн ерөнхийлөгч "Хорасан дахь Исламын улс" бүлэглэлийн эсрэг тусгай ажиллагаа явуулахад шаардлагатай бүхий л эрх мэдлийг Америкийн зэвсэгт хүчний командлалд өгсөн байна.
"Кабулд алан хядах ажиллагаа дахин гарах магадлалтай, гэхдээ нисэх буудлыг хамгаалахад хүчин чармайлтаа дээд зэргээр дайчилж байгаа" гэж цэргийн алба хаагчид Байденд илтгэжээ.
Кабул дахь халдлага
Наймдугаар сарын 15-ны өдөр талибууд нийслэлийг нь эзлэснээс хойш олон улсад алан хядах байгууллага гэж тооцогддог "Талибан" хөдөлгөөний хяналтад бүрэн орсон Афганистанд иргэдийн дүрвэх, шилжих хөдөлгөөнтэй холбоотой үймээн намжаагүй байтал пүрэв гарагт алан хядах ажиллагаа болсон юм.
Тодруулбал, наймдугаар сарын 26-ны өдөр Кабул хотын олон улсын нисэх буудлаас холгүйхэн цуврал дэлбэрэлт болсоны улмаас 200 гаруй хүн амиа алдсан байна. Халдлагын улмаас хохирсон хүмүүсийн дунд энгийн иргэд болон АНУ-ын армийн цэргийн алба хаагчид байсан гэнэ. Сүүлд гарсан мэдээллээр, АНУ-ын 13 цэрэг халдлагын улмаас амиа алджээ. Болсон хэргийн улмаас АНУ орон даяар төрийн далбаагаа бөхийлгөсөн.
Кабулд болсон халдлагын хариуцлагыг "Исламын улс" алан хядах бүлэглэл өөр дээрээ авсан юм. ТАСС агентлагийн мэдээлснээр, энэ алан хядах бүлэглэлийн Төв Азийн салбар болох "Хорасан дахь Исламын улс" бүлэг Кабулд халдлага үйлдсэн аж. АНУ-ын эрх баригчдын үзэж байгаагаар, энэ халдлагад талибууд хамааралгүй, тэд үүнд дэмжлэг үзүүлээгүй гэнэ. Талибан хөдөлгөөн ч болсон үйл явдлыг эрс шүүмжилжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ