Талибууд иргэдийг зэвсгээ хураалгахыг тушаажээ

АНУ-ын цэргүүд Афганистанаас гарч эхэлснээс хойш Афганистанд нөхцөл байдал хурцдаж, талибууд стратегийн чухал байрлалуудыг ээлж дараалан эзэлсээр, наймдугаар сарын 15-ны өдөр гэхэд Кабулыг эзлэж, тус улсыг бүрэн хяналтдаа оруулснаа зарласан. Энэ үеэс хойш талибууд төр засгаа албан ёсоор эмхлэн байгуулаагүй ч дүрэм журмаа тулгасаар байгаа юм.
Өмнө нь эмэгтэйчүүдийг гэрээс гарахгүй байхыг уриалж байсан тэд энэ удаад Кабулын оршин суугчдыг өөрсдөд нь байгаа зэр зэвсгээ хураалгахыг тушаажээ. Зэвсгээ хураалгахад нь долоо хоногийн хугацаа өгсөн бөгөөд энэ хугацаанд зэвсгээ хураалгаагүй бол хатуу шийтгэнэ хэмээн мэдэгдсэн байна. Гэхдээ хууль бусаар зэвсэг хадгалвал чухам ямар шийтгээл оноох талаар талибууд тодруулаагүй гэнэ.
Эргэн сануулахад, наймдугаар сарын 15-ны өдөр Афганистаны Ерөнхийлөгч Ашраф Гани эх орноосоо дүрвэсний дараа талибууд засгийн газрын бүхий л байгууллагыг хяналтдаа авч, Панжшер мужаас бусад бүх бүс нутагт төлөөлөгчдөө томилж байгаа юм. Харин Панжшер муж Талибан хөдөлгөөний гарт ороогүй байгаа бөгөөд энэ мужид "Панжшерийн арслан" хэмээх цуут удирдагчийн хүү Ахмад Масуд эсэргүүцлийн хөдөлгөөнийг удирдаж байгаа аж.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ