Афганистан: АНУ-ын пуужингийн цохилтод өртөн 6 хүүхэд амиа алдав
2021-08-30

Америкийн цэргүүд энэ оны тавдугаар сараас Афганистаныг орхин гарч эхэлсэнээс хойш хэт даврагч "Талибан" хөдөлгөөнийхөн газар нутгийг хяналтдаа авахаар ээлж дараалан стратегийн гол цэгүүдийг эзлэн явсаар наймдугаар сарын 15 гэхэд Афганистаны нийслэл Кабул хотыг эзлэн авсан юм. Тэд зэр зэвсэг ашиглалгүй нийслэлийг эзэлсэн бөгөөд энэ үеэр тус улсын Ерөнхийлөгч ойрын хүрээллийнхний хамт эх орноо орхин дүрвэж, улмаар талибууд Афганистаныг "чөлөөлж, дайн дууслаа" хэмээн мэдэгдэж байв. Тэр өдрөөс хойш барууныхан дипломат ажилтнууд, өөрийн орны болон Афганистаны иргэдийг нүүлгэн шилжүүлсээр байгаа юм. Нүүлгэн шилжүүлэх ажлын цорын ганц цэг болсон нисэх буудал олон өдрийн туршид үймээн, бужигнаан дунд байж, энэ үеэр олон ч хүн бусдын хөлд даруулах, онгоцноос зүүгдэх, үл мэдэгдэх этгээдүүд гал нээсний улмаас амиа алдаж байлаа. Гэтэл өнгөрсөн долоо хоногт байдал хурцдаж, нисэх буудал дээр алан хядах ажиллагаа үйлдэгдсэн юм.

Афганистан: Кабулд халдлага болж, олон хүн амиа алдлаа

 

Наймдугаар сарын 26-ны өдөр болсон энэ халдлагын хариуцлагыг "Исламын улс" алан хядах бүлэглэлийн салбар "Хоросан дахь Исламын улс" бүлэглэл өөр дээрээ авсан бөгөөд наймдугаар сарын 27-ны өдөр АНУ энэ бүлэглэлийн нэгэн дайчны эсрэг тусгай ажиллагаа явуулж байв. Кабулын нисэх буудал дээр алан хядах ажиллагаа үйлдсэн "Исламын улс" бүлэглэлд хатуухан хариуцлага тооцно гэж мэдэгдэж байсан АНУ наймдугаар сарын 29-ний өдөр алан хядагчдын эсрэг дахин цохилт өгсөн байна. Харамсалтай нь энэ цохилтын улмаас энгийн иргэд, тэр дундаа хүүхдүүд амиа алджээ. 

 

Тодруулбал, наймдугаар сарын 29-ний ням гарагт АНУ-ын нисэгчгүй нисэх төхөөрөмж Кабулд пуужингийн цохилт өгсөний улмаас есөн энгийн иргэн, тэр дундаа зургаан хүүхэд амиа алдсан байна. Энэ талаар амиа алдсан хүмүүсийн ар гэрээс авсан эх сурвалжтайгаар CNN агентлаг мэдээлжээ. Пуужингийн цохилтод өртөн амиа алдсан хүмүүсийн хамгийн бага нь хоёр, гурван настай хоёр хүүхэд байсан гэнэ.

 

АНУ-ын цэргийнхний мэдээлснээр, тэсрэх төхөөрөмжөөр тоноглогдсон амиа золиослогчийн машин Кабулын нисэх буудалд дахин халдлага үйлдэхээр зэхэж байсныг таслан зогсоож, энэ машин дээрээс дроноор цохилт өгч устгасан байна.

 

АНУ "Хоросан дахь Исламын улс"-тай хийх тэмцлээ үргэлжлүүлнэ

 

Америкийн цэргүүд Афганистан дахь "Хоросан дахь Исламын улс" бүлэглэлийн гишүүдийг ангуучилсаар байна гэж АНУ-ын Ерөнхийлөгчийн үндэсний аюулгүй байдлын зөвлөх Жейк Салливан CBS телевизд өгсөн ярилцлагадаа мэдэгджээ. Энэ нь өнгөрсөн пүрэв гарагт Кабулын нисэх буудал дээр болж, 170 хүний амь насыг авч одсон алан хядах ажиллагааны хариу хэмээн тэрбээр онцолсон байна. 

 

"Ерөнхийлөгч Афганистанд дахин шинэ дайн эхлүүлэхээр төлөвлөөгүй. Гэхдээ Кабулын нисэх буудал дээр манай цэргүүд рүү халдсан хүмүүсийг олох, "Хоросан дахь Исламын улс" бүлэглэлийн хүчийг сулруулахад шаардлагатай арга хэмжээний талаар цэргийн командлалынхантай хэлэлцэхээр төлөвлөж байгаа. Тиймээс өнгөрсөн амралтын өдрүүдэд алан хядагчдын эсрэг бидний өгсөн цохилтууд үргэлжилнэ" хэмээн Салливан мэдэгджээ.

 

Энд дуулгахад, ням гарагт болсон дэлбэрэлтийн дараа цуврал дэлбэрэлтүүд гарсан юм. Энэ нь амиа золиослогчийн машинд их хэмжээний тэсрэх бодис байсантай холбоотой гэж АНУ тал мэдээлж байв. Амиа золиослогч Кабулын нисэх буудал дээр халдлага үйлдэхээр зэхэж байх үед нь ийнхүү америкчууд пуужингийн цохилт өгч устгасан хэмээн "Талибан" хөдөлгөөн баталсан байна. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин